Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх түвшинд хэрэгжүүлэх төсөв байх учиртай

2022 оны 10-р сарын 20 өдөр, 11 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
m3UiOf0QC6Lh5MbhgXRd

“Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,

Монгол Улсын 2023 оны төсвийн талаар иргэд, олон нийт, олон улсын байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг болж байгаа нь улс төрд шинэ жишиг тогтож байна. Улсын төсвийг улс орны амьдралын нэг жилийн чиглүүлэгч луужин гэж үзэж болно. Монгол Улсын төсвийн суурь тоонуудад үндэслэж, аж ахуйн нэгжүүд төлөвлөлтөө хийдэг. Мөн олон улсын хөрөнгө оруулагчид чиг хандлагаа тодорхойлж, Монгол Улсын дотоод орчин, гадаад нөхцөл ямар байх гэдгийг хардаг. Энэ жилийн төсөвт хэд хэдэн онцлог бий. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж оруулж ирсэн эхний төсөв.  Бид өмнө нь нэг жилээр, нэг Засгийн газраар эсвэл Ерөнхий сайдын үзэмжээр, тухайн орон нутгийн засаг захиргаа мөн УИХ-ын гишүүн аль тойрогт илүү сүүхэйтэй вэ гэдэг дээр тулгуурлаж төсвийн бодлого тодорхойлох чиглэлтэй явж ирсэн. Үүнийг нуугаад яахав. Цаашдаа бид сонгуулийн үр дүнгээр ямар ч Засгийн газар гарсан, хэн гэдэг Ерөнхий сайд ажилласан ч хөгжлийн бодлого төлөвлөлт илүү тогтвортой байх, олон жилийн хугацаанд монголчууд бид алдаж ирсэн зүйл дээрээ томоохон соёлын өөрчлөлт оруулж байгаагаараа 2023 оны төсөв бол өөрөө реформ гэж хэлж болно. Энийг та бүхэн олон талаас нь шүүн ярилцана биз. Өнгөрсөн жилийн төсөв бүхэлдээ цар тахалтай холбоотой байсан.  Тухайн үед 10 их наядын цогц бодлого дэвшүүлж, эрүүл мэнд, эдийн засаг хоёр хамтдаа чухал юм гэдэг бодлого дэвшүүлж, хатуу хөл хориог суллах, эдийн засагт цусны эргэлт оруулах, бэлэн мөнгөний хомсдолд орчихсон байсан бизнесийн салбараа эргэж сэргээх, мөн хичээл сургуулиа нээх, хилээ нээх, экспортоо энгийн түвшинд хүргэх зэрэг асуудлыг 2022 оны төсөв бүхэлдээ авч гарсан. Энэхүү төсвийн хүрээнд бид зорилтот бүлгийн иргэдийн 90 гаруй хувийг вакцинжуулалтад хамруулж чадсан. Ази, Номхон далайн бүсийн улс орнуудаас бид 6-7 сарын өмнө хатуу хөл хориог сулласан. Тэгэхээр 2022 оны төсвийн бодлого үр дүнтэй байсан гэсэн үг. Үүнд тулгуурлаж аж, ахуйн нэгжүүд бизнесийнхээ төлөвлөлтийг хийж чадсан. Монголчууд бид хамтдаа алхам алхмаар энгийн амьдралдаа орох, энэ түвшин рүү орох төсвийн томоохон бодлогыг өнгөрсөн жил буюу энэ жил үргэлжилж байгаа төсөв  хийж чадсан. Эргээд бодоход парламентын гишүүд танхимдаа хуралдаж чадахгүй,  бүх уулзалт цахим, цахимаар ярилцаж байсан. Захуудаас эхлээд үсчин, гоо сайхны газрууд, фитнес хүртэл ажиллахгүй ийм л хүнд нөхцөлд байсан. Цар тахал  өөрөө шинэ зүйл,  хэрхэн даван туулах вэ гэдэг таамаг байсан. Засгийн газрын бодлого бол эрүүл мэнд чухал, эдийн засаг ч чухал, тийм учраас дасан зохицож, өөрөө өөртөө шаардлага тавьж, бага багаар эдийн засгаа суллая гэдэг ийм нөхцөл байдалтай, ийм төсвийг баталсан.  Энэ концепцийн дагуу төсөл батлагдах тухайн үедээ амаргүй байсан. Танхим дээр нэлээд олон уулзалт болсныг олон нийтийн хэлэлцүүлгийн суурь эхлэл гэж хэлж болно. Хувийн хэвшлийнхэнтэй уулзаж байсан. 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Төв банканд арилжааны банкуудын удирдлагуудтай дөрвөн ч удаагийн уулзалтыг хийсэн. 2022 оны төсөв үүргээ гүйцэтгэж чадсан. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагууд Монгол Улсын дархлаажуулалт болон цар тахлын эсрэг зохион байгуулсан энэ ажил бол олон улсад загвар болохуйц үр дүнтэй ажил болсон гэдгийг тэмдэглэж байна. Вакцинжуулалт ингэж хурдтай яваагүй бол 40 гаруй мянган хүний амь нас болзошгүй эрсдэлд орох байсан гэдгийг ДЭМБ болон манай ЭМЯ-ныхан тооцож байгаа. Дархлаажуулалт ингэж хурдтай яваагүй, эдийн засаг нээгдээгүй байх үед Орос, Украины дайнтай холбоотой энэ нөхцөл байдал давхцсан бол. Энэ тохиолдолд Монгол Улсын нийгэм, эдийн засагт туйлын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх байсан гэдэг шинжээчдийн дүгнэлт гарч байгаа.
2022 оны төсөв бол эрүүл мэндийн салбарт сүүлийн 12 жилийн хугацааны нийт хөрөнгө оруулалттай тэнцэхүйц хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэсэн төсөв. Аж, ахуйн нэгжүүдийг дэмжсэн, ажлын байраа хадгалах гурван хувийн хүүтэй зээл, иргэд, аж, ахуйн нэгжүүдийн дулаан цахилгааны төлбөрийг төрөөс хариуцсан, хүүхдийн мөнгө нэмэгдүүлсэн бодлогууд ч цар тахлын энэ амаргүй үед иргэдээ хүнд үеийг хохирол багатай даван туулахад туйлын чухал ийм бодлого байсан. 2022 оны төсвийг боловсруулж байх үед цар тахлын нөхцөл байдлаас болж Монгол Улсын эдийн засаг -5.3 хувьтай болсон байсан. Энэ бол 1992 оны нийгмийн шилжилтийн үед ганц удаа тохиолдсон үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, хоёр дахь удаагаа Монгол Улсын эдийн засаг хасах руу орсон. Энэ жилийн төгсгөлд гурван хувийн өсөлттэй гарах ийм тооцоолол байна. Тэгэхээр -5.3-аас гурав гэхээр 7-8 орчим хувийн өсөлтийг 2022 оны төсвийн суурь үзэл баримтлал Монгол Улсын хэмжээнд авчирчээ. Өнөөдөр хүртэл дэлхийн олон улс цар тахлын улмаас хатуу хөл хориотой байсаар байна. Монголчууд бид цар тахлын нөхцөл байдлыг бараг мартсан байна.  2022 оны улсын төсөв, төсвийн тодотголууд цар тахлын хүнд үед түүхэн үүргээ гүйцэтгэлээ. Мэдээж мэтгэлцээнтэй, маргаантай олон асуудал байсан. Гэхдээ үүнийг баталсан УИХ, Төсвийн байнгын хороо, дэмжсэн олон нийт, тусалж дэмжсэн олон улсын байгууллагуудад Засгийн газраа төлөөлөн чин сэтгэлийн талархал илэрхийлье, хүлээн авна уу.


Өнөөдөр бид 2023 оны улсын төсвийг ярих гэж байна. 2023 оны төсөв хоёр зүйлээрээ онцлог. Нэгдүгээрт, цар тахлын дөнгөж дараах үеийн эдийн засагтай холбоотой төсөөллийг анх удаа хийх боломж бүрдсэнээрээ онцлог. Хоёрдугаарт, ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөн, дайнтай холбоотой нөхцөл байдал цаашид хэрхэн сунжрах вэ гэдэг нь тодорхойгүй нөхцөл дундуур 2023 оны төсвийг өргөн барилаа.
2022 оын төсөв бүхэлдээ  цар тахлын хүндрэлийг Монгол Улс даван туулахад чиглэгдэж байсан бол 2023  оны төсөв Монгол Улсын эдийн засгийн макро тэнцвэрийг хангах зорилготой. Эдийн засгийн макро тэнцвэр гэж юу вэ. Эрдэмтэн судлаачид олон талаас нь ярьдаг. Иргэд ч өөр өөр өнцгөөс хүлээж авч, ойлгодог. Хамгийн энгийнээр тайлбарлавал Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой 5-6 хувь байх ёстой. Энэ тоон дээр тулгуурлаж аж, ахуйн нэгжүүд маань төлөвлөлтөө хийдэг.  Энэ тоо их өндөр, 10-аас дээш байвал Монгол Улсын эдийн засаг багтааж дийлэхгүй. Айлаар бол Монгол Улс 40 орчим их наяд төгрөг жилдээ үйлдвэрлэдэг улс. Үүний дөрөвний нэг орчим нь Монгол Улсын төсөв байдаг гэж ойлгож болно. Тийм учраас монголчууд бид цаашдаа 10-15 жил Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 5-6  хувь дээр, бүр чадвал 7-8  хувиас хэтрүүлэхгүйгээр тогтвортой, удаан барих гэдгийг макро эдийн засгийн тэнцвэрийн нэг том хэсэг гэж үзнэ. Өсөлтийн ерөнхий чиг хандлага сайн байгаа тохиолдолд олон улсын хөрөнгө оруулагчид “Монгол Улс тогтвортой хөгжиж байна. Тийм учраас хөрөнгө оруулахад таатай” гэж үзнэ. Аж, ахуйн нэгжүүд  Монгол Улсын эдийн засаг өсөж байна. Тийм учраас зээл аваад хөрөнгө оруулалт хийхэд боломжтой” гэж үзнэ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засаг гэнэт өсөөд, гэнэт хасах руу ороод, бүр тэг болоод, заримдаа савлаад байсан учраас урт хугацааны төлөвлөлт хийх боломжгүй. Мөнгөө оруулбал шатчих ч юм уу,  хөрөнгө оруулалт хийх гэхээр ирэх жил нь ямар ч байх юм бүү мэд болчихдог.
Тийм учраас эдийн засгийн макро тэнцвэрийг хангана гэдэг нь бид ирэх жил өсөлтийг таван хувь дээр аваачна гэсэн үг.  Цаашид энэ өсөлт урт удаан хугацаанд 10-аас дээш 5-6 хувь дээр хадгалагдах үндсэн суурийг 2023 оны төсвийн бодлого урт хугацаанд тавьж байгаагаараа туйлын чухал. Дээрээс нь макро эдийн засгийн тэнцвэр гэж юу вэ. Үнийн өсөлт буюу инфляц гэж ярьдаг. Энэ хэмжигдэхүүн нэг оронтой тоонд буюу одоо 15 орчим хувьд хүрчихсэн байгаа энэ тоог хамгийн багадаа есөн хувь, найман хувь дээр аваачна гэсэн үг.  Уг нь 5-6 хувь дээр байж чадвал маш сайн. Тийм учраас цаашдаа үнийн өсөлт савлаад байхгүй байх. Яагаад үнийн өсөлт савладаг вэ гэхээр эдийн засагт дийлэхээргүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байгаа тохиолдолд савлачихдаг. Яагаад гэвэл эрэлт үүснэ. Эрэлт үүсэхээр хомсдол үүснэ. Хомсдол үүсэхээр үнэ өснө. Эсвэл цар тахалтай адил тээвэр, логистик хүндэрнэ. Тээвэр логистик хүндрэхээр хомсдол үүснэ. Хомсдол үүсэхээр үнэ өснө. Тийм учраас энэ бүх зүйлүүдийг бид тогтвортой барих ёстой. Нэг үгээр хэлбэл, 2023 оны төсөв инфляцийг нэг оронтой тоонд аваачна. Цаашид тогтвортой 6-8 хувь дээр үнийн өсөлтөө барих. Энэ төлөвлөлтийг хийснээрээ аж ахуйн нэгжүүд цаашид хэдэн кг цемент худалдаж авахаа урт хугацаагаар төлөвлөх боломжтой. Хувийн хэвшлийнхэн ямар хэмжээний зээл авах вэ гэдгээ тооцож чадна гэсэн үг. Хөрөнгө оруулагчид ямар хугацаанд Монголд хөрөнгө оруулах вэ гэдгээ тооцож чадна гэсэн үг.  Тийм учраас макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад инфляцыг нэг оронтой тоонд оруулах нь туйлын чухал.
Гуравдугаарт, төсвийн алдагдал өр үүсгэж байгаа. Төсвийн алдагдал аль болохоор багасаж явах ёстой. Төсвийн үргүй зардлуудаа хэмнэх ёстой. Жишээлбэл, бид 1.5-17 орчим их наяд төгрөгийг жил бүхэн халамжид зарцуулж байна. Энэ бүхнийг шат дараатайгаар хумих ёстой. Хэрэв төсөв алдагдалгүй болчихвол төсвийн сахилга бат маш сайн байна гэж олон улсад болон дотооддоо үнэлгээ өгнө. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд  төлөвлөлт хийх боломжтой. Монгол Улсын хувьд төсвийн сахилга бат сайтай учраас миний оруулж байгаа хөрөнгө оруулалтад эрсдэл учрахгүй гэдэгт итгэнэ.  Энэ итгэл бол эдийн засаг. Энэ итгэл дахиад инфляцын хязгаарлалт болно. Тийм учраас макро тэнцвэрийг хангана гэдэгт бол төсвийн алдагдал бага байх нь туйлын чухал.
Дөрөв дэх чухал үзүүлэлт бол төлбөрийн баланс буюу Монгол Улсад орж ирж байгаа болон байгаа валютын урсгал. Нэг үгээр хэлбэл энэ эерэг байх ёстой. Монголчууд жилд аялал жуулчлалд хэдэн төгрөг зарж байна. Буцаад аялал жуулчлалаас хэдэн төгрөг олж байна.  Гарч байгаа мөнгө маань орж байгаагаасаа бага байх юм бол энэ төлбөрийн тэнцэл дээр сөрөг баланс болно.  Энэ тохиолдолд долларын ханш нэмэгдэнэ. Монгол төгрөгтэй холбоотой итгэл багасна. Энэ өөрөө савлагаа үүсгэнэ. Дахиад энэ нь өөрөө  үнийн өдөөлт болно. Тийм учраас энэ дөрвөн тоо, дээрээс нь нэмээд зээлжих зэрэглэл болон авилгын индекс, хүний эрхийн индекс гээд олон суурь үзүүлэлтүүдийг харж байж Монгол Улс тогтвортой хөгжих гэдэг ойлголтыг гадна талд өгнө. Тийм учраас 2023 оны энэ төсөв бол эдгээр суурь үзүүлэлтийг олон улсын байгууллага буюу олон жилийн хугацаанд, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, НҮБ зэрэг энэ донор байгууллагуудын бид нарт  өгч байсан шаардлагад нийцүүлсэн, нийцүүлэхийн төлөө эерэг, зөв чиг хандлага руу чиглэж байгаа ийм төсөв юм аа.


Бид нэгдмэл байж, 2023 оны төсвийг Засгийн газраас өргөн барьсан хувилбараар баталж чадвал эдийн засгийн өсөлт таван хувьд, инфляц нэг оронтой тоонд хүрч экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд очно гэдэг нь төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжино. Нэг үгээр хэлбэл, макро эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг болно. Ийм том зорилгыг дэвшүүлсэн төсөв юм. Хоёрдугаарт, 2023 оны төсөв бол “Шинэ сэргэлтийн  бодлого”-ыг дэмжсэн төсөв. “Шинэ сэргэлтйн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд бид 2023 оны төсвийн жилд Оюу Толгойн гүний уурхай ашиглалтад орж чадна. Экспортод том хэмжээний эерэг нөлөөг үзүүлнэ. Олон улсад нэр хүнд сэргэнэ.  Нэг үгээр хэлбэл, олон жилийн маргаантай, өр үүссэн нөхцөл байдлыг бид тэг болгож чадсан учраас бүх юм шинэ гараанаас эхлэх эерэг байдал үүсэж байна.
Экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлнэ. Боомтынсэргэлтийн хүрээнд төмөр замын экспортын шинэ гарцуудыг бэлэн болгоно. Монгол Улс зэс, алт, нүүрс зэрэг экспортын гол бүтээгдэхүүнээ төмөр замаар экспортолж чадахгүй яваад байсан. Гашуунсухайтын төмөр зам гэхэд 16  жил гацсан.  16  жил гацаагүй байсан бол хамгийн багадаа  50-60 орчим их наяд төгрөг Монгол Улсад орж ирэх байсан. Ийм алдагдсан боломжийн өртөг шингэсэн төмөр зам. Хил дээрээ энэ төмөр зам очсон. Одоо хил холболтын цэг, гүүрэн байгууламжаар хооронд нь холбох асуудал үүснэ. Энэ тохиолдолд экспортыг томоохон түвшинд нэмэх боломжтой гарц бол Гашуунсухайтын төмөр зам.  Дээрээс нь Засгийн газар аж, ахуйн нэгжүүдтэй хамтраад яг хажууд нь Ханги-Мандалын 200 орчим км урттай төмөр замыг шинээр тавьж байгаа. Гашуусухайтын төмөр зам 16  жил болсон бол яг адилхан урттай төмөр зам зургаан сарын хугацаанд баригдаад дуусаж байна. Одоо арваннэгдүгээр сарын сүүлээр Ханги Мандалын төмөр замыг ашиглалтад авна. Экспортын хоёр дахь том гарц нээгдэж байна. Цаашлаад шууд Бугаттай хиллэдэг болно. 2023 оны төсвийн жилд ашиглалтад орох боломжтой. Дээрээс нь бид Арц суурь Шивээхүрэнг холбоно. Мөн Бичигтийг шинээр нээх бодлогын ажлыг хийнэ. Энэ тохиолдолд Монгол Улс экспортын шинэ  дөрвөн төмөр замтай болно. Цаашдаа бид боомтын сэргэлтийн хүрээнд бүх боомтыг автозамаар холбоно. Агаарын тээврийн либералчлалыг 2023 оны төсвийн жилд багтааж эхэлнэ. Энэ тохиолдолд Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд ган, зэс, алтны үйлдвэрийг дэмжих бодлого явуулж, аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг шатаар ахиулах ийм төсвийн бодлого орж ирж байгаа гэж ойлгож болно.
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд  ирэх жил Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц үйл ажиллагаа нь эхэлнэ. Мэдээж ярилцах зүйлүүд байгаа. Манай иргэд ийн зүгээс  Засгийн газрын бодлогыг ойлгож байгаа. Миний хувьд хоёр ч удаа газар дээр нь очиж ажилласан. Энэ бол Монгол Улсын эрчим хүчний салбарт туйлын чухал  гэдгийг иргэд ойлгож байгаа. Олон жилийн маргаан дагуулсан энэ асуудал цэгцэрч, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 2023 оны төсвийн жилд багтаж үйл ажиллагаа нь эхэлнэ гэж ойлгож болно.  Мөн Тавантолгой цахилгаан станцыг эхлүүлнэ. Амгалан дулааны станц, эрчим хүчний хуримтлуур гээд  эрчим хүчний салбарт нэлээд их  хөрөнгө оруулалт хийгдэнэ. 2023 оны төсөв “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг нэлээд өөрчилнө. Борлуулалтыг илүү ил тод болгоно. Уул уурхайн биржийг байгуулна.  Нэг үгээр хэлбэл, аль нэг үйлдвэрийн захирал борлуулагчид өөрөө худалдах биш хамгийн өндөр үнэтэй, үнээр зах зээл дээр дуудлага худалдаагаар бүтээгдэхүүнээ борлуулах чиглэл рүү орно. Энэ тохиолдолд манай үнийн өрсөлдөөн нэмэгдэхээс гадна, бид нар авилгын индекс дээр томоохон, өндөр үнэлгээ авах боломж үүснэ гэж ойлгож болно. Хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарласан бодлого орж ирсэн.
Хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлэх төсвийн том реформ орж ирсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлнэ. Тэгэхээр ирэх жилээс төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх үндсэн суурь бий болж байна. Ачаалалтай ажиллаж байгаа албан хаагч өндөр цалин авна гэсэн үг. Одоо бол 20-30 хувь дээр нь ачаалалтай, бусад нь харьцангуй ачаалал багатай байгаад байдаг. Энийг тэнцвэржүүлэх бодлого бол орж ирж байгаа.  Төсвийн хэмнэлтийн хүрээнд ч гэсэн 10 мянган машинтай байлаа гэхэд 10 мянган машины зарим нь хэт ачаалалтай, зарим нь бага ачаалалтай байгаа. Үүнийг л цахимаар, дата дээр тулгуурлаж тэнцвэржүүлэх ийм бодлого оруулж ирж байгаа гэж ойлгож болно. Энэ агуулгаараа төсөв бол өөрөө хэмнэлт рүү, бас зөв тогтолцоо руу явж байгаа гэж ойлгож болно.
2023 оны төсвийн нэг чухал зүйл бол шинэ хөрөнгө оруулалт тавихгүй.  Өмнөх хөрөнгө оруулалтуудаа 86 хувьтай дуусгана гэсэн үг. Монгол Улсын хувьд ажил эхлүүлдэг дуусгадагүй нэг ийм улс болчихоод байна. 100 тэрбумын үнэтэй хөрөнгө оруулалтыг аваачаад нэг тэрбумыг нь тавьчихдаг, 10 жил нэг хөрөнгө оруулалт ингээд явчихдаг. 10 жилийн өмнө тооцож байсан хөрөнгө оруулалтын өртөг өсчихдөг, үр дүнгүй болчихдог. Тийм учраас 2023 оны төсөвт өмнө эхэлсэн бүх төсөл, 86  хувь гэдэг өндөр үзүүлэлт, бүрэн дуусна гэсэн үг.
2023 оны төсвийн жилийн бас нэг чухал зүйл бол цаашдаа парлементын гишүүд төлөвлөлт хийхгүй, Эдийн засаг, хөгжлийн яам  төлөвлөлт хийнэ. Зарим газар дотуур байр барих шаардлагагүй бол төсвийн хөрөнгө оруулалтыг царцаана. Зарим газар нь шаардлагатай байвал хөрөнгө оруулалтыг нь нэмнэ гэсэн үг.  Энэ жил зураг төсөв дээр анх удаа 70-80 тэрбум төгрөг тавьж байгаа. Ирэх онд яамд, парламент тэр чигтээ зураг төсөв дээр төвлөрнө гэсэн үг.
Нийслэлчүүд дугуйн замтай болъё оо. Дугуйн замтай болох нь зөв. Гэхдээ дүүргүүд өөр өөрөөр хийхгүй.  Эдийн засаг, хөгжлийн яам стандартын дугуйн замын зургийг сонгон шалгаруулна. Тэр нь Эдийн засгийн яамны шалгуурыг дааж чадвал Сангийн яам санхүүжүүлнэ. Тоглоомын дүрэм маш ойлгомжтой.
Төсвийн өмнө үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдана. Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Сангийн яам санхүүжүүлнэ. Энэ бол өөрөө олон улсын жишиг рүү дөхсөн туйлын чухал ажил болж байгаа, төсвийн рефомд гэж хэлж болно. Ингээд орон нутгууд дахь бага, бага төсвийг татаад авчихаар тэгшигтгэн хуваах биш төвлөрүүлэн асуудлыг шийдэх боломж Монгол Улсын төсөвт гарч ирнэ. Жишээлбэл, ирэх жилийн  хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг дэмжих жилийн хүрээнд Засгийн газар 2023 оны төсөвт нэлээд том хэмжээний төсөв тавьсан. Задаргаанууд нь та бүхэнд байгаа. Хүнсний хангамжтай холбоотой хүнсний зоорь, арьс ширний цогцолбортой холбоотой асуудал 2023 оны төсөвт нэлээд том хэмжээнд шийдэгдэнэ гэсэн үг. Хөрөнгө оруулалтууд дээд тал нь гурван жилд багтаж дуусна гэдэг зарчим барьж байгаа.
Засгийн газар ирэх 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаа. Аялал жуулчлалын стандарт, агаарын тээврийн либералчлал, боомтын  сэргэлтийг олон улсын түвшинд гаргах, аялал жуулчлалын салбарыг төрөлжүүлэн хөгжүүлэх зэрэг томоохон боломжийг бүрдүүүлсэн жил болно. Гадаад сурталчилгааны тал дээр өөрчлөлт гарна. Монгол Улс өөрийгөө ойлгуулсан жил болно. Энэ бол хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлнэ.
Бид түгжрэл гэж олон жил ярьсан. Түгжрэл гэдэг их ерөнхий сэдэв. Хэт төвлөрөл. Энийг багасгахгүйгээр түгжрэлийг шийдэх боломжгүй. Тэгвэл ирэх 2023 оны төсөвт Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэл, үйлчилгээний чанарыг Евро стандартад оруулах ийм маш том зорилтыг тавьсан. Улсын төсөв дээр энэ асуудлыг шийдсэнтэй адилхан нийслэлийн төсөв ачаалллыг үүрэх ёстой гэдгийг Ерөнхий сайдын хувьд Хотын даргад хэлж байгаа. Мөн нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчидтэй энэ төсөв хэлэлцэж байх үед уулзана. Орон нутгийн иргэдэд тэгш, хүртээмжтэй мэдээлэл хүргэх гэдэг агуулгаараа бүх сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, төсийн захирагч нартай уулзана гэж бодож байгаа.  Засгийн газар, УИХ-тай хамтарч ийм хэлэлцүүлэг хийх нь зөв гэж бодож байна. Яагаад гэвэл, энд байгаа төсвийн рефомыг орон нутагт төсөв батлахдаа ойлгох нь чухал. Орон нутагт төсөв батлахдаа бахь байдгаараа л байгаад байж таарахгүй. Ингэж чадвал 2-3 жилийн дараа төсвийн реформ том хэмжээнд ярьж, шийдэгдэж чадна гэдэг итгэл үнэмшилтэй байна. Хэт төвлөрөлтэй холбоотой төвлөрлийг багасгах,  тухайлбал, Хөшигийн хөндийн дэд бүтцийг томоохон түвшинд эхлүүлэх томоохон төсөв хийгдсэн. Монгол Улсын төсөв бодлогоороо хөрөнгө оруулагчдыг тэнд урьж байна. Мөн бусад газар шинэ хот байгуулахаар судалж байгаа. Судалж байгаа сэдвүүдийн ТЭЗҮ-ийн санхүүжилт 2023 оны төсвийн төсөлд туссан.
Орон нутгийг дэмжинэ гэдэг бол хотын төвлөрлийг бууруулна гэсэн үг. Энэ утгаараа орон нутгийг орон сууцжуулах, дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, ипотекийн зээлийн хүүг хөдөө орон нутагт гурав болгох, чанартай боловсон хүчин хөдөө орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувиар төсвийн захирагч өөрөө нэмэх боломжийг 2023 оны төсөвт гаргаж өгч байна. Энэ нь цаашаа орон нуагт багш, эмч нар очих, орон нутагт ажилласан боловсон хүчнийг төр бодлогоор шатлан дэвшүүлэх, дэмждэг байх мерит зарчим барих зэрэг асуудал дээр 2023 оны төсөв томоохон соёлын эхлэлийг тавьж байна.  Мөн орон нутаг дахь ашигт малтмалын газрыг эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж, ахуйн нэгжүүдээс олгодог хандив тусламжийг  орон нутагт төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг мөн бүрдүүлнэ.  Нэг үгээр хэлбэл,  хот руу чиглэвэл үнэтэй, хөдөөг чиглэвэл дэмждэг байх реформ 2023 оны төсөв дээр хийгдэж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ. Ингээд яриад байвал олон асуудал 2023 оны төсөвт хийгдсэн.
За ингээд дахин хэлэхэд, 2023 оны төсөв бол нэлээд том хэмжээний рефомын төсөв байгаа. Олон нийтийн хэлэлцүүлэг төсвийн эхний хэлэлцүүлгийн дараа хийгдэж байгаа нь туйлын ач холбогдолтой. Яагаад гэвэл, улсын төсөв бол төрийн мөнгө биш. Улсын төсөв бол нэгдүгээрт, татвар төлөгчдийг мөнгө. Энэ маш хяналттай, ил тод байх ёстой. Хоёрдугаарт, улсын төсөв гэдэг бол зөвхөн төр засгийг байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа төсөв биш. Улсын төсөв бол нийт улс орны хэмжээнд гадаад талдаа Монгол Улс хэрхэн харагдаж байна вэ гэдэг имиж болон нэр төр. Дотооддоо аж, ахуйн нэгж болон иргэд хэрхэн төлөвлөх вэ гэдэг чиг баримтлал гэж ойлгож болно. Хаашаа явж байгаагаа мэддэг хөлөг онгоцны дарвуулыг ямар ч салхи үлээгээд нэмэргүй гэдэг үг байдаг. Тийм учраас бидний хувьд макро тэнцвэр тогтвортой, монгол төр хаашаа чиглэж байгаа вэ гэдэг нь ойлгомжтой, Засгийн газар юуг дэвшүүлж байгаа вэ гэдэг нь ил тод нээлттэй байж чадвал аж, ахуйн нэгжүүд бусад зүйлийг хийх боломжтой.
Ирэх жилийн хувьд төсвийн алдагдлыг бууруулж өр төлөх тал дээр нэлээд менежмент хийх шаардлагатай. Энэ өр ч гэсэн шулуухан хэлэхэд,өнгөрсөн хугацаанд огт төлөвлөгөөгүй явсны л том асуудал явсаар байгаад 2023 онд дээр ирчихэж байна гэж ойлгож болно. Одоо ганц онцгүй жишээ гэхэд Хөгжлийн банканд гэхэд Монгол Улсын эдийн засаг 17 хувийн өсөлттэй, төсөвтэй, маш их мөнгөтэй байхад хэсэг нөхөд ямар ч төлөвлөлтгүй, техник, эдийн засгийн үндэслэлгүй зүйл дээр бөөнөөрөө сууж байгаад ажлын хэсэг дээр мөнгө өгчихсөн. Ингээд Хөгжлийн банк дампуурах хэмжээний эрсдэлд орсон. ОУВС-аас ийм шаардлага тавьсан. Амаргүй нөхцөл байдал дундуур Хөгжлийн банканд үүссэн зээл төлөгдөх ёстой. Гэхдээ өнөөдрийг хүртэл 766.5 тэрбум төвлөрөөд байна, оны эцэс гэхэд нэг их наяд төгрөгийг эргэж төвлөрүүлнэ. “Самурай” бонд буюу 230 сая орчим ам.долларын өрийг Хөгжлийн банк өөрөө төлж чадлаа гэдэг мессеж олон улсад чухал. Цаашид “Евро”, “Чингис” бондын асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Ингэж төлөвлөлтгүй явснаас, Монгол Улсын төсөв  нэг биш хоёр, гурван төсөвтэй явсан. Олон нийтийн хяналтгүй байсан учраас, Монгол Улс авилгатай байсан учраас өнөөдөр Хөгжлийн банк ингэтлээ хүнд байдалд орсон. Цаашдаа нэг ч албан тушаалтан Монгол Улсад ийм зүйлийг давтуулахгүй байхын тулд сахилга батыг өндөр түвшинд гаргахын төлөөх эрх зүйн том эхлэл бол 2023 оны төсөв юм.
Ингээд 2023 оны төсвийг товчоор дүгнэж хэлбэл, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх түвшинд хэрэгжүүлэх төсөв байх учиртай гэж Ерөнхий сайдын хувьд, Засгийн газрын тэрүүний хувьд үзэж байна. Олон нийт,  эрдэмтэн, эрхэм судлаачид та бүхэн илүү их хэлэлцэж, илүү их шүүмжилж 2023 оны төсвийг илүү сайжруулан батлахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Олон жилийн хугацаанд засаж чадаагүй томоохон реформыг хийж Монгол Улсын ерөнхий трэндийг өсөлт рүү, зөв зүйл рүү, зөв чиг баримтлал руу урт хугацаанд чиглэхэд дэмжинэ гэдэгт, дэмжлэг болно гэдэгт туйлын их итгэлтэй байна. Мэдээж, реформ заримдаа давс мэт байдаг.  Бид хийх ёстой. Яагаад гэвэл, дараа дараагийн Засгийн газар, Ерөнхий сайд илүү сайн түвшинд ажиллахын тулд бид өнөөдөр өвдөлт өгөх учиртай. Баярлалаа гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх