Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дэх зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилсон. Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ томилогдон өнөөдөр тангаргаа өргөж, үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Биеийн тамир, спорт бол том салбар. Тулгамдсан асуудал олон бий. Энэ салбарыг төлөөлсөн яам, эрхэлсэн сайдтай болж байгаа нь маш чухал байна. Өнгөрсөн хугацаанд тамирчны ёс зүйг тогтоож чадаагүйгээс спортын салбар маань харамсалтай нь нийгэмд арай өөрөөр үнэлэгдэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд спортын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа учраас бид бүхэн энэ сөрөг хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Хүлээгдэж буй асуудлуудад хамтран ул суурьтай, судалгаа тооцоотой, гар нийлэн ажиллах болно. Та бүхэндээ ажлын их амжилт хүсье” гэлээ.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан “Биеийн тамир, спортын салбар хариуцсан анхны сайдаа хүлээн авч байгаадаа баяртай байна. Улсын Их Хуралд олон жил ажиллаж байгаа, Засгийн газарт өмнө нь ажиллаж байсан туршлагатай хүн спортын салбарт ирж байгаа нь бид бүхний хувьд сайшаалтай зүйл. Спортын салбарын ажил үсрэнгүй ахина гэж харж байна. Эрхэм сайд танд ажлын өндөр амжилт хүсч байна” гэв.