Сайн байна уу? Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд энэ өдрийн мэнд хүргэе.
Намайг Энхбаатар гэдэг. Би 17 настай. Дархан-Уул аймгийн Эмпати сургуулийн 12-р ангийг энэ хавар төгссөн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд би энэ захидлаа өөрийнхөө болон үеийн тэнгийнхнийхээ өмнөөс бичиж байгааг минь хүлээн авна уу.
Би багаасаа IT технологид дуртай, том болоод эх орондоо хэрэгтэй мэргэжилтэй хүн болно гээд хичээж, шаргуу хичээллэснээр дэлхийд чансаагаараа 25-д бичигддэг “University of Wisconson-Madison”-д тэнцсэндээ баяртай байна. Би IELTS-ийн шалгалтандаа 8 оноо авсан. Бас дэлхийн 20 гаруй сургууль руу элсэлтийн захидал буюу эссэ бичиж 3 сургуулиас IT технологи, программ хангамжийн чиглэлээр суралцах урилга хүлээн авснаас “University of Wisconson-Madison” нь чансаагаараа дэлхийн 35-д бичигддэг тул мөрөөдлийнхөө дагуу сонгосон юм. Мөн “The University of Illionois Chigago” (56-д бичигдэж байгаа), “Tiffin University”-аас 16.000$ -ийн тэтгэлэгтэй урилга хүлээн авсан. Мөрөөдлийнхөө төлөө олон цагаар сууж хичээллэхэд аав, ээж 2 маань намайг үргэлж дэмжиж байсан. Тиймээс тэднийгээ баярлуулахын тулд би шантрахгүй байх ёстой гэж өөртөө дандаа хэлдэг байсан. Дэлхийн шилдэг сургуульд тэнцэхийн тулд топ сургуулиудын IT технологийн үнэгүй хичээлүүдийг англи, япон хэлээр олж үзсэн.
Сонирхлоороо www.monmanga.com сайтыг хийж ажиллуулсан. Энэ сайтаараа дамжуулан Япон болон Солонгосын манга анимэйшн номнуудыг орчуулж сонирхдог хүүхдүүдэд хүргэдэг. Дараа нь сайтынхаа гар утасны аппликэйшн хийсэн. Бас үе тэнгийн найзуудаа цалинжуулж энэхүү сайтаа ажиллуулсан. Эхлээд үеийн найзууддаа ”Шантрахгүй сайн хичээвэл мөрөөдөлдөө хүрдэг юм шүү” гэж хэлмээр байна.
Гэхдээ Ерөнхийлөгч танд захидал бичих болсны учир нь дэлхийн шилдэг их сургуульд тэнцэхийн тулд би ганцаараа хичээгээгүй юм шүү. Миний таньдаг, таньдаггүй үе тэнгийнхэн маань маш их хичээсэн бас сайн сургуулиуд авсан олон хүүхдүүд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хэдий өөрийнхөө хичээл зүтгэлээр хичээн суралцаж мөрөөдлийн сургуульдаа тэнцсэн ч хүүхдүүд бидний өмнө сургалтын төлбөрийн асуудал тулгараад байна. Би найзуудтайгаа судалж үзэхэд “Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх…” гэж заасан Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хувийн сургуулийн болон харьяаллын сургуульдаа суралцдаггүй хүүхдүүд хамрагдах ямар ч боломжгүй журам таны нэрэмжит тэтгэлэгт тусгагдсан байна.
Олон олон өдрүүдийн хичээл зүтгэлээр хичээж дэлхийн шилдэг сургууль авсан хүүхдүүд хувийн сургуулийнх эсвэл харьяа сум, дүүргийнхээ сургуулиас оноогоо аваагүй гэж Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдахгүй боломжгүй байгааг та анзаарч үзнэ үү! Зөвхөн хувийн сургууль төгссөн хүүхдүүд ийм асуудалтай байгаа биш бас улсын сургуулиудад ч гэсэн дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд тэнцчихээд Засгийн газрын тэтгэлэг авах боломжгүй хүүхдүүд байгаа.
Хүндэт Ерөнхийлөгчөө!
-“Тухайн жилийн математик болон гадаад хэлний хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор харьяалагдах сум, хороондоо хамгийн өндөр оноотой төгсөгч байх,
-ЭЕШ өгсөн хичээлүүдийн оноо тус бүр 480 болон түүнээс багагүй байх” гэдэг нөхцлөөр өөрсдөө хичээж бэлдэж тэнцсэн хүүхдүүд төлбөрийн асуудлаас болоод урилга нь ирчихсэн сургуульдаа суралцаж чадахгүйд хүрээд байгааг та судалж өгнө үү.
Зөвхөн ЭЕШ-ын оноогоор нь, төгссөн сургуулийн харьяаллаас нь хамаараад шалгаруулалт хийж байгаа нь тухайн тэтгэлэгт бэлдэж байсан хүүхдүүдийн боломжийг булаана бас хөдөө сумын хүүхдүүд 480 оноогоор тэтгэлэг авч тэнцлээ ч гэсэн дэлхийн шилдэг сургуулийн өөрийнх нь шалгуурт тэнцэхэд маш хэцүү, багагүй хугацаа шаардлагатай гэдгийг та мэдэж байгаа гэдэгт итгэж байна. Энэ бол тэгш боломж биш гэж би бодож байна. Хувийн, улсын сургуулийн гэж ялгахгүйгээр дэлхийн шилдэг сургуулиас урилга нь ирчихсэн хүүхдүүдэд хүссэн сургуульдаа явах тэтгэлгийг Ерөнхийлөгч Та өөрийнхөө тэтгэлгийн журамд оруулж өгнө үү.
Энэ ганцхан миний асуудал биш, өөрийнхөө хичээл зүтгэлээр бэлдсээр байгаад шилдэг сургуульд орох эрх авсан ч өөрийн эх орноосоо тэтгэлэг авч чадахгүй уйлж байгаа олон үе тэнгийнхнийгээ харсан учраас энэ захидлыг танд бичье гэж бодсон юм. Ерөнхийлөгчийн тэтгэлэгт 800 оноо аваад өрсөлдөөд үзье гэхээр харьяа дүүргийнхээ сургуульд сурдаггүй учраас энэ тэтгэлгийн шаардлагыг нь хангахгүй болчихсон. Хувийн, улсын гэж ялгаварлахгүйгээр хүч, хөдөлмөрөө зарцуулж өндөр оноогоо авсан бол хүссэн сургуульдаа хүүхэд бүр явдаг байгаасай гэж хүсэж байна. Би болоод миний үеийн бүх найзууд маань эх орондоо хэрэгтэй мэргэжлийг эзэмшээд эргэн ирж эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсэж байна.
Ерөнхийлөгч танд сайн сайхныг хүсье.
Таныг хүндэтгэсэн,
Дархан-Уул аймгийн Эмпати сургуулийн төгсөгч Энхбаатар
2022.07.30 Улаанбаатар хот