Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатарчидтай уулзаж амжилт хүслээ

2022 оны 07-р сарын 22 өдөр, 22 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
RcVqag43AUrP9RLBbKoC

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцохоор удахгүй эх орноосоо мордох гэж байгаа шатарчид болон БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар, гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нарыг өнөөдөр хүлээн авч уулзан амжилт хүслээ.

Ерөнхий сайд энэ үеэр үг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас шатрын спортод ихээхэн анхаарч БТСУХ-ны дэргэд Үндэсний шигшээ багийг ажиллуулж байгааг онцлоод оюуны спортын ноён оргил болсон шатарт Монгол хүн амжилт гаргах  бүрэн боломжтой. Энэ удаагийн олимпиадад шинэ залуу тамирчид оролцохоор шалгарсанд баяртай байна. Амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Цаашид Монгол Улсад шатрын спортыг хөгжүүлэхэд Засгийн газар бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно гэсэн юм.

Олимпиадад оролцох шатарчдыг төлөөлж Их мастер А.Энхтуул, “Шатар бол олимпын төрөлд хараахан багтаагүй учир дэлхийн улс орнуудын шилдэг шатарчдыг хоёр жилд нэг удаа олимпиад зохион байгуулж өрсөлдүүлэн тухайн жилийн хамгийн шилдгүүдийг нь шалгаруулдаг. Тиймээс энэ удаагийн олимпиад бол шатарчдын хувьд өвөл, зуны олимптой дүйхүйц болохоор ихээхэн ач холбогдол өгч бэлтгэлээ базаасан. Бэлтгэлийн орчин нөхцөл болон шаардагдах бусад санхүүжилтыг Засгийн газраас шийдвэрлэж өгсөнд Ерөнхий сайдад талархаж байна гэв.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад энэ сарын 26-наас 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо болох юм. Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоодоос 197 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөнө.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдын хувьд Хэнтий аймагт зохион байгуулагдсан 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эхний байруудад шалгарсан шилдэг 10 шатарчин юм.

ЭРЭГТЭЙ БАГ

Багийн ахлагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч, ОУШХМ С.Ган-Од

1-р ширээ: Их мастер Д.Батсүрэн

2-р ширээ: ОУШХ-ны мастер Г.Амартүвшин

3-р ширээ: Их мастер Б.Гүндаваа

4-р ширээ: Их мастер С.Билгүүн

Нөөц тоглогч: ОУ-ын мастер С.Ган-Эрдэнэ

ЭМЭГТЭЙ БАГ

Багийн ахлагч: МШХ-ны гүйцэтгэх захирал, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан

1-р ширээ: Их мастер А.Энхтуул

2-р ширээ: ОУ-ын мастер Б.Баярмаа

3-р ширээ: ОУ-ын мастер Т.Мөнхзул

4-р ширээ: ОУ-ын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул

Нөөц тоглогч: ОУ-ын шатрын холбооны мастер Д.Мөнхзул нар Монгол Улсын багт багтжээ.

Коронавирусийн цар тахлын үеэр Дэлхийн шатрын олимпиад цахим хэлбэрээр хоёр удаа болсон бөгөөд дөрвөн жилийн дараа уламжлалт буюу танхимын зохион байгуулалтаар болох гэж байгаа аж.

Дэлхийн шатрын олимпиадад өмнө нь манай улсын баг 25 удаа оролцсон бөгөөд энэ жилийн чансаагаар эмэгтэй баг нийт 162 орноос 27-д, эрэгтэй баг 189 орноос 46-р байрт эрэмбэлэгджээ. Монголын шатарчид 2018 оны Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр ази тивдээ эхний шилдэг таван байрт шалгарсан байна. Мөн 2008 онд манай эмэгтэй баг “С” категорид багийн дүнгээр тэргүүлж алтан медаль, 2014 онд  эмэгтэй баг “В” категорид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртэж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх