Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Дэлхийд ганцхан “Монгол наадам” ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхэллээ

2022 оны 07-р сарын 11 өдөр, 12 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hurelsuh

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эзэнт гүрний гал голомт манай сайхан оронд морилон саатсан эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Эцэг тэнгэр хураа хайрлан, эх дэлхий шимээ хүртээж, түмэн олны сэтгэл тэнийсэн, дэлгэр сайхан зун цаг эх оронд минь айлчлан ирж, монгол түмний их баяр цэнгэл – Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.

Монголчууд бид төрт ёсныхоо энэхүү түүхэн их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын түүхт 100, 101, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг хамтатган тэмдэглэж байна.

Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн, эх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж, мөнх тэнгэрийн хүчин дор төр улсаа бататган бэхжүүлж, дэлхийн дайдад суу алдраа дуурсгаж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн билээ.

Энэхүү баатарлаг түүхийн үргэлжлэл болсон босоо заяат монгол түмэндээ Төрийн их баяр цэнгэл наадам, өндөр төрийн таширлан давхацсан тэгш сайхан ойнуудын бахдам сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Үндэсний их баяр наадам бол монгол төрийн оршин тогтнохуй, тусгаар тогтнолын бэлгэдэл, монгол үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим, хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ.

Эрхэм хүндэт наадамчид аа,

1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд харийн эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулж, Ардын засгийн анхны наадмаа хийснээс хойш эдүгээ нэгэн зууныг үджээ.

Өнгөрсөн зуун жил бол улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан “Тусгаар тогтнол, хөгжил дэвшил”-ийн агуу зуун байлаа.

Ирж буй шинэ зуунд монголчууд бид ололт амжилтаа бататгаж, ардчилсан төр улсаа улам бэхжүүлж, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа ханган, хөгжил дэвшлээрээ хүн төрөлхтөнд үнэлэгдсэн “Хүчирхэг Монгол Улс” болохын төлөө ард нийтээрээ хамтран зүтгэцгээе.

Миний Монголын ард иргэд ээ,

Энэхүү түүхэн жил төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, өрнө дорныг төвшитгөн “Монголын их амар амгалан”-г дэлхий ертөнцөд цогцлоосон Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна.

Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай түүхэн зарлигийг Төрийн тэргүүн буулгаж байна.

Их хааны сүр хүч, билиг оюуны – суу алдар монголчууд бидний зүрх сэтгэлд бадамлан асаж, монгол төрийн гал голомтыг өнө мөнхөд бадраах болтугай.

Агуу түүхт нүүдэлчдийн гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн Есөн хөлт цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, эх дэлхий, уул ус, хүн ардаа баясгасан дэлхийд ганцхан “Монгол наадам” ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхэллээ.

Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх