“Дээлтэй монгол наадам” нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм.
Энэ жилийн наадамд нийслэлийн есөн дүүргийн иргэдээс гадна зургаан аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж, баярын жагсаалд оролцсон юм. Нийтдээ 8000 гаруй оролцогч үндэсний хувцсаараа гоёж жагссан юм. Наадмыг сонирхох гадаадын жуулчид цөөнгүй байлаа.