Зүүн аймгуудад ажиллаж байгаа Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.
Хэнтий аймгийн Соёл, урлагийн газар 2021 онд байгуулагдсан бөгөөд соёлын өв, урлаг уран бүтээл, соён гэгээрлийн чиглэлээр одоогоор 9 хүний бүтэцтэй ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд орон нутгийн өмчийн 25 соёл, урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулдгаас Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга, аймгийн музей, төв номын сан, соёлын төвийн 22 байгууллагад нийт 219 албан хаагч ажиллаж байна.
2020 оны байдлаар Улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд Хэнтий аймгийн нутагт нийт 985 дурсгалт газрын 6730 түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн байдаг юм.
“Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д Хэнтий аймгийн 9 сумын нутагт орших 12 дурсгал орсон бөгөөд энэ бүс нутгийг түүх, соёлын аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэхээр холбогдох яамд хамтран ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд, Чингис хааны өв-түүх, соёлын аялал жуулчлалын маршрут, цогцолборын төлөвлөгөөг гаргаж, Хэрлэн, Мөрөн, Батширээт, Цэнхэрмандал, Норивлон сумдад бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Соёлын сайд Ч.Номин Хэнтий аймагт ажиллах үеэрээ дээрх бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, аймгийн соёлын байгууллагуудад ажиллана.