Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх дүүргийн хороодод ажиллаж эхэллээ. Тухайн хорооны өмнө тулгамдаж буй асуудал, энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг энэ үеэр танилцуулна. Дээрх ажил Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооноос эхэллээ.
1-р хороо нь 3000 өрх айл, 10,200 иргэнтэй. Энэ онд насжилт өндөртэй барилгуудын гадна дулаалга, явган хүний зам, тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөж байгаа. Мөн цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх үүднээс энэ онд 22-р цэцэрлэгт 150 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгын ажил хийгдэх юм. Хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 290 гараашийг 2022 онд буулгахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 180 гарааш буулгаж газрыг чөлөөлөөд байна. Чөлөөлсөн газарт удахгүй бүтээн байгуулалтын ажил өрнөнө.
Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх 2023 оныг Хүний хөгжлийн жил болгон зарлаж тодорхой ажил зохион байгуулахаа мэдэгдсэн. Энэ ажилд хороо дүүрэгтэй хамтран ажиллах хэрэгтэй. Ялангуяа хүүхэд ээлтэй орчин бүрдүүлэх, оюунлаг эрүүл иргэнийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй гэсэн юм.
Уулзалтын дараа Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, хугацаанд нь чанартай хийж дуусгахыг үүрэг болголоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.