Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 66, аюулт үзэгдэл, ослын 4 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.Энэ хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 130 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1 тэрбум 456 сая төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Сүүлийн өдрүүдэд зуслангийн чиглэлд гал түймрийн дуудлага ихэсч, ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Алба хаагчид шар өвс шатаасан 36 дуудлагаар шуурхай үүрэг гүйцэтгэн, 57,3 га талбайн түймрийг бүрэн унтраалаа.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/399 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 4 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 66 техник хэрэгсэл, 180 иргэн, 38 айл өрх, 8 аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.