Ц.Даваасүрэн: Сүрьеэ өвчнийг илрүүлэх, эмчлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь ЧУХАЛ

2022 оны 03-р сарын 15 өдөр, 13 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
xxuyu

“Сүрьеэтэй тэмцэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал” гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. 2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, дэлхийн нийтээрээ хөрөнгө оруулалтыг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна.

Энэ удаа сүрьеэтэй өвчтөний нийгмийн халамжийн үйлчилгээ, дэмжлэгийн талаар ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналтын эмч Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

– Монгол улсад жилд шинээр 3000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг. Сүрьеэгээр өвдсөн хүмүүс ямар хугацаатай эмчилгээ хийлгэдэг вэ, эмчилгээ нь хэр үнэтэй вэ?

Манай улс нь  сүрьеэгийн тархалт өндөртэй улсын тоонд ордог бөгөөд жил бүр 3000-4000 хүн шинээр сүрьеэгээр өвчилдөг. Сүрьеэтэй өвчтөний эмчилгээ хамгийн багадаа 6 сар түүнээс дээш 2 жил хүртэлх хугацаа шаарддаг. Монгол улсад сүрьеэгийн эсрэг эмчилгээ үнэ төлбөргүй. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улсын төсөвт сүрьеэгийн эсрэг эмийн зардлыг тусган санхүүжүүлдэг. Мөн  Олон улсын байгууллага Глобаль сангаас сүрьеэгийн эсрэг эмийн тодорхой хувийг санхүүжүүлэхээс гадна эмийг үнэгүй хүргэж өгдөг тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Манай улсад сүрьеэ өвчний оношилгоо, эмчилгээ үнэ төлбөргүй хийгдэж байна. Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд зарцуулж буй  Засгийн газрын санхүүжилт жил бүр нэмэгдэж байна.

– Сүрьеэ өвчин удаан хугацаанд эмчлэгддэг. Ер нь сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байх явцад ямар  нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа авдаг вэ?

Сүрьеэгээр өвдөж байгаа хүмүүсийн  70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна. Сүрьеэгээр өвдсөний улмаас ажлаа хийх боломжгүй болдог. 2018 онд хийсэн сүрьеэтэй өвчтөн болон тэдний гэр бүлд учирч буй зардлын судалгаагаар  сүрьеэтэй өвчтөний 39 хувь санхүүгийн хүндрэлээс шалтгаалан зээл авсан, 45 орчим хувь нь ажилгүй болж, 70 хувь нь  санхүүгийн дарамтад өртсөн гэсэн судалгааны үр дүн гарсан. Ажилгүй, орлогогүй, санхүүгийн дарамтад орсон  сүрьеэгээр өвдсөн хүмүүст нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай болдог.

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын дагуу сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байх хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг тогтоож группд оруулж байна.

Жишээ нь: амьсгалын эрхтний сүрьеэгийн хүнд хэлбэр, зүрхний дутагдалтай, уушиг болон бусад эрхтэнд сүрьеэгийн улмаас мэс засал хийлгэсэн гэх  зэрэг заалтууд байдаг.

Мөн төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагуудаас нийгмийн халамжийн дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал,  Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,Сүрьеэгийн төслөөр хүнсний тусламж үзүүлж байгаа. Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг сар бүр 21 аймаг, 9 дүүрэгт эмчилгээ хийлгэж байгаа сүрьеэтэй хүмүүст  хүнсний багц авч өгч байна.  Энэ хүнсний тусламжийг сүрьеэтэй хүн болгонд өгөх боломжгүй, цөөн тооны хүнд өгдөг. Түүнчлэн сүрьеэтэй өвчтөн өдөр болгон эмнэлэг дээр ирж эмчдээ үзүүлэх, эмчийн хяналтын дор эм уух, эмчилгээ хийлгэх шаардлага гардаг тул нийтийн тээврийн зорчих карт олгодог. Гэхдээ тус картийг хүн бүрт олгох боломжгүй хязгаарлагдмал байна.

Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүмүүс сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөртэй байдаг. Тиймээс өрхийн амьжиргааны түвшин тогтоох шалгуур үзүүлэлтээр зарим тохиолдолд нийгмийн хамгааллын хөтөлбөрт хамрагдах шалгуурыг хангаж чадахгүй хүмүүс ч их байна.

Жишээ нь: орон гэргүй, ядуу хүмүүс бичиг баримтгүй байх, оршин суугаа хаягийн зөрчилтэй гэх мэт халамжийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй хүмүүс их байсаар байна.

–   Сүрьеэгээр өвдсөн хүмүүс юу анхаарах хэрэгтэй байдаг вэ?

Нэгдүгээрт, нэгэнт сүрьеэгээр өвдсөн бол сүрьеэгийн эсрэг эмээ бүрэн гүйцэд уугаад, төгс эмчлэгдэх хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн сүрьеэтэй өвчтөний ар гэрийнхэн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах хэрэгтэй.

Эхний 2 жилд зургаан сар тутамд, 3 дахь жилээс  жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх  ёстой. 

-2022 оны Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаагийн гол ач холбогдол юу вэ? Цаашид эмзэг бүлгийн хүмүүст нийгмийн ямар дэмжлэг чухал байгаа вэ?

2022 онд Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг дэлхий нийтээрээ “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Сүрьеэ өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхийг Засгийн газар, хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагч нарт уриалж байгаагаараа онцлогтой.

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр олон сая хүний амь насыг аварч, сүрьеэгийн тархалтыг таслан зогсоох үйл явцыг эрчимжүүлнэ. Мөн олон талт хамтын ажиллагааг сайжруулах явдал чухал юм. 

Судалгаанаас харахад сүрьеэгээр өвдсөн хүмүүсийн 60 орчим хувь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс байдаг.  Тиймээс эдгээр хүмүүсийг зайлшгүй нийгмийн хамгааллын хөтөлбөрт хамруулахад анхаарах  хэрэгтэй байна.

Нүүрс, хүнсний талон, унааны карт олгодог болох зэрэг олон талын дэмжлэг шаардлагатай байна.

Манай байгууллагаас нийгмийн халамжийн байгууллагуудтай уулзалт сургалтуудыг  хийдэг. Энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийг угтан Улаанбаатар хотын хороодын нийгмийн халамжийн мэргэжилтнүүдэд уулзалт хийхээр төлөвлөсөн. Мөн энэ 3 сард шийдвэр гаргагч нарт цахим уулзалт хийж мэдээлэл өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Сүрьеэгээр өвдсөн хүн удаан хугацаанд эмчилгээ хийлгэдэг тул ажлын байраа хадгалж чадахгүй тохиолдол их гардаг. Энэ тал дээр юуг анхаарах нь чухал байна вэ?

Өмнө нь хэлсэн сүрьеэгээр өвдсөн хүмүүсийн 45.5 хувь ажилгүй болж, ажлаасаа гарсан гэсэн судалгаа гарсан. Ажил олгогч нарт ажлын байрыг хадгалах, ялгаварлан гадуурахгүй байх ойлголт мэдээллийг өгөх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байдаг.

Сүрьеэ өвчнийг эмчлэх эдгэрүүлэхэд, урьдчилан сэргийлэхэд зөвхөн эрүүл мэндийн байгууллага гэхгүй, Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, олон нийт, аж ахуйн нэгж гэх мэт бүх талын хамтын ажиллагаа чухал гэдгийг дахин хэлмээр байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх