Хуралдаанд УИХ-ын 22 гишүүн, Монгол Улсын Засгийн газрын зургаан гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч сонгогдов.
УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг нар төлөөлөгчдийн олонхын санал авч, хуралдааныг даргалан явууллаа.
Тэрбээр “МАН-ын дүрмийн дагуу УИХ-ын сонгуульд нам ялалт байгуулбал намын дарга Ерөнхий сайд болдог дүрэмтэй. Бид саяхан хийсэн 30 дугаар их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулж, орон нутгийн сонгуульд нам ялалт байгуулсан тохиолдолд тухайн шатны намын байгууллагын даргыг Засаг даргад нэр дэвшүүлж болно гэсэн дүрмийн өөрчлөлтийг оруулсан. 2020 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн намын байгууллагыг амжилттай удирдаж, НИТХ-д 45-аас 34 суудалд, нийслэлийн есөн дүүргээс найман дүүрэгт ялалт байгуулахад амжилттай манлайлж ажилласан Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж Удирдах зөвлөл үзсэн” хэмээн тодотгосон юм.
Санал хураалтын өмнө Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашид хийх алхмуудаа тодорхойлсон “Шинэ алхам-Шинэ нийслэл” илтгэл тавьсан.
Тэрбээр “Миний бие Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсоноос хойш гурван шатны дөрвөн сонгуульд багаа удирдан та бүхэнтэйгээ хамтран амжилттай оролцлоо. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд амжилттай оролцож, нийслэлд нэр дэвшүүлсэн 24 мандатаас 22-т сонгогчдын олонхын дэмжлэг авч, 91.7 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан. 2020 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд “Нийслэлийн хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож, нийслэлд 34, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 200 нэр дэвшигч сонгогчдын олонхын санал авсан. 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтаар МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 60 хувийн санал авч, итгэл төгс ялалт байгууллаа. Энэ бүхэн хамтын амжилтын маань үр шим билээ” хэмээв. Нийслэлийн МАН-ын хорооноос 2022 оныг “Хүний нөөцийн хөгжүүлэлтийн жил” болгон зарлалаа.
Нийслэлийн МАН-ын 35 дугаар бага хурлын төлөөлөгчдийн 499 төлөөлөгчийн 144 буюу 29.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд 20-34 хүртэлх насны залуучууд 20.8 хувь, 35-60 насныхан 70.3 хувь, 8.8 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байв. Бага хурлын төлөөлөгчдийн хамгийн ахмад нь нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан 85 настай Лхамсүрэнгийн Лантуу бол хамгийн залуу төлөөлөгч нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны намын хорооноос сонгогдсон 20 настай А.Цацрал байлаа. Төлөөлөгчид 100 хувь дээд боловсролтой, доктор, профессор 41, магистр зэрэгтэй 241 хүн байсны сацуу хуульч мэргэжилтэй 18, багш 49, эмч 11, хөдөө аж ахуйн мэргэжилтэй зургаа, зохиолч, сэтгүүлч 21, нягтлан бодогч, эдийн засагч 81, инженер 68, бусад төрлийн мэргэжил бүхий 245 төлөөлөгч сонгогдон оролцов.
Нийслэлийн МАН-ын хорооны 35 дугаар Бага хурлаар ирэх дөрвөн жилд тус намын хороог удирдан чиглүүлэх удаах даргаа сонгов. Санал хураалтын дүнгээр Д.Сумъяабазарыг төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар улираан томиллоо.
Тогтоолыг тооллогын комиссын дарга Н.Батсүмбэрэл танилцуулав.