Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх нь хүнд сорилт ч ахмадуудаа дэмжсэн энэ шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна

2022 оны 01-р сарын 28 өдөр, 16 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
frb0FxkN7jR8sd43nBDT

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг:

Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх талаар өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай заасныг үндэслэн, Монгол Улсын төсвийн тодотголын төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барьж байна.

Төсвийн тодотголын хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулсан зарим багц арга хэмжээнүүд багтсан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, улсын төсвийн давсан орлогыг ашиглах, тэвчиж болох зардлуудыг танах, зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийн явцад шинээр нэмэгдсэн зарим төслийг хасах зэргээр шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцлоо. Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, мөн орлого буурахгүй.

Цар тахал хүн төрөлхтний амьдралын хэмнэлд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчирч, дэлхийн эдийн засагт амаргүй сорилтуудыг учруулсаар байна. Цар тахлын хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг хамгаалахын тулд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 4.4 их наяд төгрөгийг зарцуулж, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлсний үр дүнд 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшсан эдийн засаг өнгөрсөн оны 3-р улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарч чадлаа.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66.7 хувь нь бүрэн тунд, зорилтот бүлгийн 52 хувь нь 3-р тунд, 78.345 иргэн 4-р тунд хамрагдсаны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоолгүйгээр эдийн засгаа үе шаттай идэвхижүүлэх суурь нөхцөл бүрдэж, Монгол Улсын 2021 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын төлөвлөгөө 102.7 хувийн биелэлттэй, үүнээс нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 322.3 тэрбум төгрөгөөр давж биеллээ.

Монгол Улсын Их Хурлын 103-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Оюу толгойн Гүний уурхай ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих эдийн засгийн томоохон төслүүд хэрэгжиж эхлэх шанг татаж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг мэдээлэл болж чадлаа.

Хэдий тийм боловч тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх энэхүү шийдвэр нь Засгийн газарт амаргүй сорилт байх болно. Дөнгөж идэвхжиж байгаа эдийн засаг эргэн хэвэндээ ороход цаг хугацаа шаардлагатай. Цар тахлын хүндрэлээс үүдэн хилийн боомтууд бүрэн нээгдээгүй төдийгүй олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширсан хямралт нөхцөл байдал цаашид дэлхий даяар хэр удаан хугацаанд үргэлжлэхийг бүрэн тооцох боломжгүй, цар тахлын хувилбар ч хэдэн удаа хувьсан өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.

Гэхдээ цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулж, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах нь төр засгийн хамгийн чухал үүрэг гэдгийг гүнээ ухамсарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн чиглэл болон Монгол Улсын Их Хурлын гишүүдийн саналыг Засгийн газар хүлээн авч, энэхүү шийдвэрийг гаргалаа.

2022 оны 02 сарын 01-ний өдрөөс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх нь ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээгдсэн төдийгүй цаг үеэ олсон бодит дэмжлэг хэмээн үзэж байна.

Монгол Улсын эдийн засаг туйлын амаргүй цаг үед тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд шаардагдах 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Засгийн газарт хүндхэн сорилт гэдгийг ухамсарлаж, ахмадуудаа дэмжиж буй энэхүү шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна.

Төсвийн зарлага талаа нэмэгдүүлэх шийдвэр нь төсвийн орлогоосоо бүрэн хамаарах нь ойлгомжтой. Тиймээс л бид хамтдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн суурийг тэлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх их бүтээн байгуулалтын ажлуудыг энэ хавраас цаг алдалгүй эхлүүлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлж дэмжин ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнээс дахин хүсье.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сар шинийн босгон дээр яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх