Байр, автомашинаа зарж цахим мөрийтэй тоглосон залуу 1.2 тэрбум төгрөг алдаж, өрөнд оржээ

2021 оны 11-р сарын 18 өдөр, 15 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
pzzp1

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим мөрийтэй тоглоом тоглож их хэмжээний мөнгө алдах иргэд маш их гарах болсон. Амьдарч байгаа байр, унаа, компаниа хүртэл зарж тоглосон тохиолдол байгаа юм.

Цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулагчид нь тоглогчдын гард байгаа хөзрийг мэдэж байдаг бөгөөд тоглолтын үр дүнг өөрсдийн хүссэнээр өөрчлөх боломжтой байдаг байна. Ингэхдээ залуучуудыг мөрийтэй тоглоомонд оруулахын тулд эхлээд хожих боломжуудыг олгож их хэмжээгээр мөнгө оруулбал их ашиг олон гэсэн сэдлийг  төрүүлэх тактик ашигладаг байна. Харин энэ зарчмаар цахим мөрийтэй тоглоомонд бүрэн донтож, гурван жилийн дотор 1 тэрбум  200 сая гаруй төгрөг болон гэр бүлээ алдсан иргэний талаар мэдээллийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.

Тодруулбал, иргэн Ц нь одоогоос 3 жилийн өмнө цахим мөрийтэй тоглоом тоглож эхэлжээ. Энэ хугацаанд нийтдээ 1.2 тэрбум төгрөгийг алдаж, 500 сая төгрөгийн өр төлбөрт орж, гэр бүл найз нөхөд, өмч хөрөнгөө алдсан байна.  Тэрээр цахим мөрийтэй тоглоомонд хожих боломж байхгүй гэдгийг залуучуудад анхааруулж байна.

Иргэн Ц “Би сүүлийн гурван жилийн хугацаанд тоглож байна. Одоогоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан хохирлын хэмжээ нийт 1 тэрбум 200 гаруй сая төгрөг байгаа. Өөрийн мөнгө хүнээс зээлж авсан гээд л нийт хэмжээ.
Хамгийн анх манай ойрын найз онлайнаар покер тоглодог байсан. Би мэддэг байсан ч сонирхдоггүй байлаа. Манай найз 10 сая төгрөгөөр тоглоод 20-30 сая төгрөг хожчихдог байсан юм. Түүнийг нь хараад л болох юм байна гэж бодоод тоглож эхэлсэн. Эхэн үедээ мөнгө хождог нь үнэн. Сүүлдээ мөнгөө алдаад ирэхээр буцаагаад богинохон хугацаанд олоод авчхаж чадна гэсэн бодол төрдөг юм билээ. Хожигдох тусам миний алдаж байгаа мөнгөний тоо нэмэгдээд тэр хэмжээгээрээ олж авах гэж илүү их мөнгөөр тоглодог өрөөнүүдэд ороод алдах хэмжээ нь ч улам их болчихсон.

Ний нуугүй ярихад би хувиараа бизнес эрхэлдэг байсан. Эхлээд өөрийнхөө дансанд байсан мөнгөөрөө тоглож эхлээд хадгаламж руу гаа орж эхэлсэн. Мэдээж алдана. Тэгээд бизнесийн хамтрагчдаасаа мөнгө зээлж алдаад. Өрөө авах гээд над руу залгаад болохгүй болохоор нь эхнэртэй яриад бүх зүйлийг мэдсэн. Тэгээд л хэрүүл үүсч эхнэр салаад явсан. Ах дүү, хамаатан садандаа ч нэр хүндгүй болоод удаж байна.

Эхэндээ би луйвар гэдгийг нь ерөөсөө мэдээгүй. Хүмүүс хальт хэлдэг л байсан. Гэхдээ тийм биш байх гэж бодоод л өнгөрсөн. Бүр дараа нь цагдаад баригдаад мэдүүлэг өгөх гээд очиход зохион байгуулж байгаа хүмүүсийг нь таних уу гээд зураг үзүүлсэн. Тэр үед харахад тоглогч нарын хөзрийг нь бүгдийг цаанаас нь хянаад хараад байж байдаг юм билээ. Онлайн покерийн Монгол тоглоомын сайт ч байгаа гадаад ч байгаа бүгд л луйвар.” гэв.

Иргэн Ц мөрийтэй тоглоом тоглохын тулд 500 сая төгрөг хүнээс зээлсэн. Үүнийгээ төлж барагдуулж чадахгүй тул ял авах нь тодорхой болсон. Одоогоор цагдаагийн байгууллагад  шалгагдаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 326 гэмт хэрэг бүртгэгдсэн гэж ЦЕГ-ын ЭЦА-аас мэдээллээ.

Цагдаагийн ерөнхий газраас УЕПГ, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсоохоор “Хяналт” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан вэб сайтын Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах, арилжааны банкны дансыг битүүмжлэх, холбогдогч этгээдүүдийг тогтоох зэрэг арга хэмжээг үе шаттай тасралтгүй зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 132 вэб сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудын мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан арилжааны банкууд дахь 132 харилцах дансанд хязгаарлалт тогтоож, 1.5 тэрбум төгрөгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх