Шаамар, Ерөө сумдын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа

2021 оны 09-р сарын 22 өдөр, 15 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
242427156_1058519498310497_1282564935980656757_n

БШУ-ы дэд сайд болон газрын дарга нар Сэлэнгэ аймгийн Шаамар, Ерөө сумдад ажиллаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа.

ШААМАР СУМ: 1989 онд ашиглалтад орсон ерөнхий боловсролын сургуульд 402 хүүхэд суралцаж, 42 багш, ажилтан ажиллаж байна. Энэ жил нэгдүгээр ангид 32 хүүхэд шинээр элсэн оржээ. Тус сургууль нь 2020 онд Солонгосын хөрөнгө оруулалттай мэдээлэл зүйн шинэ танхимыг ашиглалтад оруулсан байна. Сургуульд их засварын ажил хийх шаардлагатай аж.

Сумын нэгдүгээр цэцэрлэг нийт дөрвөн бүлэгтэй. Өнөөдрийн байдлаар 4, 5 настны хоёр бүлэг хичээллэж байна. Барилгын тухайд 1987 онд ашиглалтад орсон тул их засвар хийх шаардлага үүсчээ. Харин багш, ажилтнууд цэцэрлэгийн гадна тохижилтыг өөрсдөө хийчихдэг гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч хэлж байлаа.

Шаамар сумын МСҮТ нь 43 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. МСҮТ-ийг БШУЯ-ны харьяалалд оруулах асуудлыг судалж, тус төвд ажилласан юм. Энэ хичээлийн жил тус төвд 150 хүүхэд элсэн оржээ. Өнөөдрийн байдлаар нийт 175 суралцагч найман чиглэлээр суралцаж байгаа бөгөөд зөгийчин, зөгийн аж ахуй эрхлэгч бэлтгэдэг ганц сургууль юм.

ЕРӨӨ СУМ: 7000 хүн амтай тус суманд улсын хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн ортой цэцэрлэг, “МАК” корпорацийн MAK хөрөнгө оруулалттай 960 хүүхдийн сургууль баригдаж байна. Цэцэрлэгийн барилга 80 хувийн гүйцэтгэлтэй явж буй ч барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалж санхүүжилтийн асуудал үүсчээ. Сумын хэмжээнд хоёр цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. 4, 5 насны 164 хүүхэд цахим болон танхим хосолсон хэлбэрээр хичээллэж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн тухайд нийт 44 цэцэрлэг, 35 сургуультай. Өнөөдрийн байдлаар 12 сургууль танхим, 19 сургууль 5/9 зарчмаар, 4 сургууль цахим хэлбэрээр хичээллэж байна. Цэцэрлэгийн хувьд дөрвөн цэцэрлэг цахимаар хичээллэж байгаа юм. Хичээлийн жил эхэлснээс хойш 254 хүүхэд өвчилсөний 17 нь цэцэрлэгийн насныхан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх