2020 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол боллоо

2021 оны 09-р сарын 16 өдөр, 16 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
241389086_556851052263658_4756348377746089324_n

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар 2020 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад өнөөдөр Төрийн тамга дарлаа.

Монгол Улсын Их Хурал 2020 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд олон томоохон хуулиудыг шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулсан. 2020 онд нийт 241 хууль баталснаас анхдагч хууль 34, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 24, хуулийн шинэчилсэн найруулга 8, хуульд өөрчлөлт оруулах тухай 167, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8-ыг баталсан байна. Энэ нь нийт 10 боть, 2732 нэгж хуудас болсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлд Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина гэж заасан. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Төрийн тамгыг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дардаг.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс төрт ёсны 2200 гаруй жилийн түүхтэй. Манай төр өвөг дээдсийнхээ “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна” хэмээсэн үзэл санааг тасралтгүй баримталж ирсэн уламжлалтай. Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эх дээр Төрийн тамга дарах ёслолын арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү ёслол нь Монгол төрийн бодлого шийдвэр болж буй хууль, тогтоомж хэлбэрэлтгүй биелэгдэж байхын баталгаа болдог” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх