Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тавантолгой түлш ХХК, бусад албаныхантай хамтран “Сайжруулсан түлшний цогц шийдэл” аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Аяны хүрээнд угаараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, угаарын эсрдэлгүй байх зорилт тавин ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн онд “Яндангаа хөөлье” аяныг хэрэгжүүлж ажилласан. Энэ аяны хүрээнд угаарын хийн хордлогын 147, яндангаа хөөлүүлэх 17000 гаруй дуудлага ирсэн байна. Үүнээс яндан, пийшинг нь шинээр барих, засварлах ажлуудыг айл өрх бүрт хүргэж ажилласан байна. Энэ талаарх мэдлэг, мэдээллийг ч олон нийтэд сайн хүргэж ажилласан гэдгийг албаныхан хэлж байна.
Энэ жилийн хэрэгжүүлж байгаа “Сайжруулсан түлшний цогц шийдэл” аяны хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цогц шийдлийг хэрэгжүүлэх юм. Тухайлбал, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах юм. Түүнээс гадна сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс үүдэлтэй үнсийг дахин боловсруулах чиглэлээр ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэгч иргэдийг аяныг дэмжиж “Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе” уриан доор нэгдэж эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг уриаллаа.
Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн хордлогод өртөж болзошгүй эрсдэлтэй 63000 айл өрх байгаа гэсэн судлагааг гаргажээ. Дээрх айлуудад угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, угаартсан тохиолдолд шуурхай удирдлагын төвд мэдээлэл дамжуулах төхөөрөмжийг ч суурьлуулж эхлээд байгаа аж. Тухайлбал, эсрдэл өндөр бүхий айл өрхүүдэд угаарын хийх ялгарсан тохиолдолд угаар мэдрэгч нь Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл дамжуулах аж. Мэдээллийн дагуу хяналтын оператор тухайн айлын бүртгэлтэй утас руу утасдахаас гадна, хөршийн холбоог ашиглаж хөршүүд рүү нь мэдээлэл дамжуулах, улмаар шуурхай бүлэг очих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.