Хоёр улсын Парламентын спикерүүд уулзаж санал солилцов

2021 оны 09-р сарын 07 өдөр, 16 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c7742395-2700-4d6e-bd4d-ac66c7b96801

Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болж буй Дэлхийн парламентуудын тэргүүн нарын V бага хуралд оролцож буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсын Үндэсний Зөвлөл (парламент)-ийн Ерөнхийлөгч Вольфганг Соботкатай 2021 оны есдүгээр сарын 6-ны өдөр уулзаж, КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн авч буй хариу арга хэмжээ, олон талт хамтын ажиллагааны механизмын ач холбогдол, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангах чиглэлээр парламент хоорондын хамтын асуудлаар санал солилцов.

Дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудлыг аль нэг улс дан ганцаар бус харин олон талт механизмаар дамжуулан нягт хамтран ажиллах зарчмаар шийдвэрлэх, эрсдэл сорилтыг хамтдаа даван туулах нь чухал гэдгийг талууд уулзалтын үеэр онцоллоо. Мөн хоёр талын хамтын ажиллагаа улс орны хөгжил цэцэглэлтэд онцгой үүрэгтэйг дурдаж, нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх бүх боломжийг эрэлхийлэх, чингэхдээ хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ.

Дэлхийн 110 гаруй улсын Парламентын тэргүүн нар хуран цугларсан Парламентын тэргүүн нарын Дэлхийн V бага хурлыг өөрийн эх орондоо зохион байгуулж буйд УИХ-ын дарга Г.Занданшатар Австрийн Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч Вольфганг Соботкад баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Парламентын дарга нарын Бага хурлаар COVID-19 халдвартай тэмцэж буй бүх нийтийн арга хэмжээ, парламентуудын нээлттэй, ил тод, аюулгүй байдлыг хангах, парламентууд ба дэлхийн засаглал, тэдгээрийн хэрэгжүүлэх шаардлагатай хэтийн зорилтууд болон нэн ялангуяа цахим болон цахим бус орчинд худал мэдээлэл түгээх, хүний нэр хүндийг гутаах, үзэн ядах үг хэллэг тараахтай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар оролцов.

Манай Улс Австри Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Австри Улс нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхдагч орнуудын нэг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх