Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн дэд хорооны дарга Х.Булгантуяа өнөөдөр (2021.08.23) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандранийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Ковид-19 цар тахлын үед Азийн хөгжлийн банкнаас улс орны өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн тулгамдсан хэрэгцээг хангахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн дэд хороотой ижил үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, Улсын Их Хурлын дэргэд дэх олон талт хамтын ажиллагааны нэгж байгуулах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр танилцуулав. Ингэснээр тогтвортой хөгжлийн бодлогыг олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэв.
Түүнчлэн, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс парламентын боловсрол олгох зорилтын хүрээнд Өсвөрийн парламент байгуулж, төлөөллийг Монгол Улсын 21 аймгийн хүүхэд, залуучуудаас сонгох ажил бэлэн болоод байгаа талаар танилцуулав. Шинэ залуу үейнхийнхэд хууль эрхзүй, тогтвортой хөгжлийн бодлогыг танилцуулах чухал ач холбогдолтой болохыг онцлов.
Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлэхдээ, Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Их Хурал болон иргэний нийгмийн төлөөлөл тэр тундаа хүүхэд заалуучуд хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган ажиллахад анхаарна гэдгээ илэрхийлэв.
Талууд боловсрол, эдийн засаг болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээлэв.