Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолыг баталж, 2021 оны хаврын ээлжит чуулган өндөрлөв

2021 оны 07-р сарын 08 өдөр, 14 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
33d51df6-a5b0-466d-9f08-6091b6a8463a

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.07.08) цахим хуралдаан 10 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, энэ талаарх дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан.

Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналд үндэслэн тогтоолын төсөлд тусгасан арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулгадаа онцлоод Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, мөн төрийн өмчит хуулийн этгээдийн нийгмийн хариуцлагын хүрээнд зарлага, санхүүжилт гаргах харилцааг зохицуулах, ногдол ашиг төвлөрүүлэх бодлогыг боловсронгуй болгож төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг шинэчлэхтэй холбогдсон шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулиар улсын төсөв батлах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагдсан байх тул төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлагыг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт тооцож, уг арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Улсын Их Хуралд танилцуулж шийдвэрлүүлэх асуудлуудыг төсөлд тусгасан гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлая гэдэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүнээс 2021 оны 07 дугаарын сарын сайд 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа, П.Анужин, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Г.Ганболд, Т.Доржханд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Ч.Ундрам, С.Чинзориг нар төслийг хамтран өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг судлах, шаардлагатай санал боловсруулах үүрэг бүхий “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг”-ийг Улсын Их Хурлын даргын 2020 оны 51 тоот захирамжаар байгуулж, улмаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Улсын Их Хурлын 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр 10 дугаар тогтоолыг баталсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт танилцуулгадаа онцлоод Хөгжлийн бодлого, төлөвлөлт, үүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, зарим өөрчлөлтийг тусгасан гэв.

Тодруулбал, “Нэгтгэн тайлагнах зарчим” гэж Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг Улсын Их Хуралд; Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнахдаа тус хуулийн 6.7, 6.8-д заасан баримт бичигт заасан зорилго, зорилт, хүрэх үр дүнг уялдуулан төлөвлөж, тухайн жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ нь хүрэх үр дүнгийнхээ хэдэн хувьд хүрсэн, аль эх үүсвэрээс ямар хэмжээнд санхүүжсэн талаарх мэдээллийг нэгтгэн, баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу хамтад нь тайлагнахаар зохицуулсан байна.

“Төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим” гэж энэ хуулийн 6.9-д заасан богино хугацааны төлөвлөлтийн баримт бичиг болох улсын болон орон нутгийн төсвийг төлөвлөхдөө 6.10.3, 6.10.4-т заасан шаардлагыг хангаж Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилан боловсруулахаар зохицуулжээ. “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичиг байхаар төсөлд тусгасан байна.

Мөн “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж орон нутгийн онцлогт нийцсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичиг байхаар нэмжээ.

Бусад хууль тогтоомжид заасан төрөөс баримтлах бодлого гэснийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.5, 6.7, 6.8, 6.9 дэх хэсэгт заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төрөлд хамааруулж, үндэсний хөтөлбөр гэснийг мөн зүйлийн 6.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрт тус тус хамааруулж ойлгохоор нэмж тусгасан байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахдаа тухайн цаг үед тулгамдаж байгаа зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрсдэлийн үеийн төсөл, арга хэмжээг Улсын Их Хуралд танилцуулснаар төлөвлөгөөндөө тусгаж болох хууль зүйн үндэслэлийг тусгасан байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөлийн дэргэд салбар бүрийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн өндөр мэргэшилтэй 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөл ажиллах бөгөөд тус Зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөл батлах нь зүйтэй хэмээн үзжээ.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайдаар тэргүүлүүлсэн Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яамтай байх. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд нь эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал; үндэсний болон бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт; хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; салбар хоорондын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдаа, нийцэл; хөнгөн, жижиг, дунд болон аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт; төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал; өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх; чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхлэхээр төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Хуулийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хороо 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Байнгын хорооны санал, дүгнэлтдээ онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудалд гишүүд анхаарч хуулийн төсөл боловсруулсныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хөгжлийн бодлого төлөвлөлт хийх мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж, бүтцээ бий болгох шаардлагатайг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, гишүүдийн өргөн барьж буй хуулийн гол агуулга бол яам байгуулж, уг яамыг Шадар сайд тэргүүлэхээр тусгасан. Яамны чиг үүрэг тодорхой тусгасныг тодотгохын зэрэгцээ хууль цаг үеэ олж, хэрэгжихийг хүсэж байгаагаа илэрхийлэв.

Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдаан Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар  нар тус тус танилцуулав.

Улсын Их Хурал Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд Төсвийн тухай болон холбогдох бусад хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн боловсруулахыг Засгийн газарт даалгасан. Энэхүү хууль нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн уялдаа, хоорондын нийцлийг хангаж, түүнийг боловсруулан батлах тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Гэвч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хуулиуд нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцэхгүй, хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд тодорхойгүй нөхцөл байдал бий болгож байна. Хууль хоорондын нийцлийг хангах үүднээс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд Төсвийн тухай болон бусад хуулийг нийцүүлэх зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтын уялдаа, нийцлийг хангаж, зарим нэр томьёоны тайлбарыг нэмэх, Засгийн газрын бүрэн эрх, Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг болон дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг, богино хугацааны буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт зарим өөрчлөлтийг хийх, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох зохицуулалтыг тусгасан байна.

Бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх субъектийн эрх, үүрэг, бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн нэршлийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Монгол Улсын Төсвийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг бүрэн шийдвэрлэнэ хэмээн төсөл санаачлагчид үзэхийн зэрэгцээ яамдаас ирүүлсэн саналыг тусгахдаа хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх, тогтвортой, тасралтгүй залгамж чанартай байх зарчмыг баримталж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа 52 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулиудын төслийг бэлтгэсэн байна.

Хуулийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хороо 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Байнгын хорооны санал, дүгнэлтдээ онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг, Н.Учрал, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд төрийн захиргааны төв байгууллагатай байна гэдгийг хуульчлах,  хөгжлийн бодлого төлөвлөлтийг хийх мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа,  Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн төслийг боловсруулж байна. Энэ хуулийн төсөлд эдийн засгийн асуудал хариуцсан яам шинээр байгуулах асуудлыг тусгасныг тодотгов.

Ингээд хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг баталлаа

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Байнгын хорооны санал, дүгнэлтдээ онцлов.

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авчээ. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 20, АН-ын бүлэг 18, Засгийн газар 136, Байнгын хороод 63, мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд 8, Д.Батлут 1, нийт 245 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар нийт 72 хуулийн төслийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд нэр зааж оруулсан байна. Үүнд:

1/Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл/Шинэчилсэн найруулга/;

2/Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

З/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

4/Байгаль орчны багц хуулийн төсөл;

5/Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/Газрын багц хуулийн төсөл;

7/Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

8/Газрын тосны тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9/Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Гаалийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

11/Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлелт оруулах тухай хуулийн төсөл;

13/Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

14/Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15/Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл;

16/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

18/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

19/Иргэний нисэхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

20/Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

21/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

22/Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл;

23/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

24/Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

25/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

26/Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

27/Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

29/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

30/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

31/Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

32/Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хуулийн төсөл;

ЗЗ/Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцийн 56 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан 2016 оны протоколд нэгдэх тухай” хуулийн төсөл;

34/Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрт (АЕТР)-т нэгдэх орох хуулийн төсөл;

35/Өрсөлдөөний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

36/Саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийн төсөл;

37/Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

38/Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

39/Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

40/Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл;

41/Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43/Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;

44/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

45/Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төсөл;

46/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

47/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

48/Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

49/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

50/Хийн хоолойн тухай хуулийн төсөл;

51/Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

52/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

53/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

54/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

55/Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл;

56/Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

57/Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;

58/Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

59/Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;

60/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

61/Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл;

62/Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

63/Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

64/Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

65/Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

66/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

67/Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл;

68/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

69/Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

70/Эрдэс баялгийн салбарын ил тод байдпын тухай хуулийн төсөл;

71/Эрх зүйч, хууль сахиулагч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын тухай хуулийн төсөл;

72/Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Мөн уг тогтоолын төсөлд Коронавирусын халдварт (КОВИД-19) цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүрт нь хэлэлцэх, хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрт нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсний дараа “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх дэмжлээ.

Дараа нь Улсын Их Хурлын хаврын чуулганаар батлагдсан 81 хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулгыг уншсаны дараа Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ удаагийн чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75 өдөр чуулсаныг онцлоод өнгөрсөн хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн бол, Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороод 13 удаа буюу нийт  127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 7, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын тогтоол 52, нийт 162 хууль тогтоомж баталсан гэж байлаа.

Мөн Монгол хүний эрхийг хуульчлан хамгаалах, хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон тусгах, хүний эрхийн мэдрэмжтэй парламент байх талаар хаврын чуулганы эхэнд дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх бодит алхмуудыг хийж чадсан гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Улсын Их Хурал 27 жилийн дараа нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчилсэн гэдгийг мэдэгдлээ.

Энэ удаагийн чуулган иргэнийхээ хөдөлмөрлөх эрхийг хангасан, халамжаас хөдөлмөрт шилжих шинэ харилцааг дэмжсэн чуулган боллоо. Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн монгол улсын 1.1 сая ажиллагчид, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг батласныг онцоллоо. Мөн соёл урлагийн салбараа шинэ нөхцөлд сэргээн хөгжүүлэхэд  онцгой анхаарал хандуулсан чуулган болж, соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, Монгол Улсын түүхэнд анх удаа кино урлагийг дэмжих тухай хуулийг батласныг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ тодотгов.

Цаашид эрх зүйн хувьсгалыг эрчимтэй өрнүүлэх зорилт маань нэн чухал, томоохон хуулиудын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэж батлах, мөрдүүлж хэрэгжүүлэх гээд үе шат бүр жигд явагдах ёстойг анхааруулаад  төслүүдийг цаг алдалгүй, үндэслэл сайтай, чанартай, харилцан уялдаатай боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хуулийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай байгааг УИХ-ын дарга мэдэгдэхийн зэрэгцээ хуралдааны төгсгөлд элэг нэгт монголчууд, эрхэм гишүүддээ Ардын хувьсгалын 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх