Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбооны 60 гаруй харваачид Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд оролцохоор өнөөдөр нийслэлийг зорино. Гурвантэс, Ханбогд сумын салбар холбоодын харваачид мөн оролцож байна. Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр, Монгол Улсын мэргэн С.Баярмаа нарын мэргэчүүд багаа ахалж, Хүй долоон худгийн сурын отгот бэлтгэлд гарах юм.
Аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн, аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүн Б.Чинбат нар өнөөдөр харваачидтай уулзаж, баяр наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.
Аймгийн Засаг дарга энэ уулзалтын үеэр үндэсний спортыг дэмжих тал дээр онцгой анхаарна гэдгээ илэрхийлээд Ардын хувьсгалын 100 жилийн ойд аймгаа төлөөлөн оролцох мэргэн харваачдынхаа зардал мөнгийг шийдвэрлэж өглөө. Мөн цаашид аймгийн Цэнгэлдэх хүрээлэн, тэр дундаа сурын талбайг бэлтгэл сургууль, баяр наадам хийхэд тав тухтай, өнгө үзэмжтэй болгож, гадаад дотоодын зочдын сонирхол татан, сэтгэлд нийцэхүйц болгон хөгжүүлэхэд дэмжиж хамтран ажиллана гэдгээ хэллээ.