Файзeр вакцины эхний ээлжийн 84240 тунг хүлээн авлаа

2021 оны 06-р сарын 16 өдөр, 22 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
миат
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 2.35 сая тун Pfizer вакцин манай улсад нийлүүлэгдэхээс өнөөдөр эхний 84240 тун вакциныг өнөөдөр хүлээн авлаа.
Шадар сайд С.Амарсайхан цар тахлын амаргүй бэрх цагт буцалтгүй тусламж үзүүлж буй Япон Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-д Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Тэрээр мөн манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар вакцины тусламжаас гадна Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Эхний ээлжид ирсэн файзeр вакцинаар жирэмсэн болон хөхүүл эхчүүд, 17-гоос доош насны хүүхдүүдийг вакцинжуулах аж.
Элчин сайд Кобаяши Хироюки “Pfizer вакцины 2.5 сая тунгаас Японы Засгийн газар 2.35 саяыг худалдан авахад санхүүжилт олгож буйдаа таатай байна. Япон улс НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч дэмжлэг үзүүлж байгаа нь вакцинжуулалтын хөтөлбөрийг улам бэхжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээхэд дэмжлэг болно гэж би итгэж байна” гэж хэллээ.
Мөн энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэхдээ “Монгол Улс цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд Япон улсын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархалаа илэрхийлэхийн сацуу вакцинжуулалтын ажлыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Өнөөдөр бидний хүлээн авч буй вакциныг дархлаажуулалтад хамрагдах боломжгүй байсан иргэдэд зориулж байгаагаараа онцлог юм” гэлээ.
Вакцин хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх