Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын цэвэрлэх байгууламж 1971 онд 1-р сургуулийн бохир усыг цэвэрлэх зориулалттайгаар зураг төсөл хийгдэж, хоногт 168 м3 бохир усыг 83%-тай цэвэрлэх хүчин чадалтайгаар баригдсан.
Гэтэл одоо 1100 м3 усыг цэвэрлэх шаардлага гарч ачааллаа дийлэхгүйн уршигаар бохир ус хөрсөнд шингэж, хөрсийг шууд бохирдуулж байна. МХГ-аас цэвэрлэх байгууламжийг яаралтай нүүлгэн шилжүүлэх эсвэл шинээр барих дүгнэлтийг гаргасанд үндэслэж 2018 онд хажууд нь 1,8 га талбайд шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажлыг эхлүүлсэн байдаг.
Байгаль орчинд эерэг нөлөөтэй Өмнөговьчуудад үр дүнгээ өгөх стандартад нийцсэн цэвэрлэх байгууламжийг байнгын ашиглалтад авахаар өнөөдөр улсын комисс ажиллалаа. Шинэ цэвэрлэх байгууламж нь 3000 м3 усыг хүлээн авах хүчин чадалтай, 98 хувийн буюу биологийн бүрэн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж юм.
Өмнөговь аймаг тун удахгүй цэвэрлэх байгууламжаа ашиглалтад оруулснаар саарал усаа үйлдвэрийн зориулалтаар ашигладаг болно. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ашиглана. Нөгөөтэйгүүр бохир усыг зайлуулах стандартыг хангах, байгаль орчны бохирдлыг бууруулах зэрэг олон боломж бүрдэнэ.