БНСУ-ын Seegene Inc. компаниас ковид-19 халдварын лабораторийн тоног төхөөрөмж,оношлуур хандивлалаа

2021 оны 05-р сарын 17 өдөр, 16 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c427c5a6f5189f8ccf6ad8366c4066ddcc8f7171

Бүгд Найрамдах Солонгос Улсын Seegene Inc. компаниас 500,000 ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий КОВИД-19 халдварын Полимеразын гинжин урвалын анализатор машин, вирусын нуклейн хүчлийг ялгах автомат аппаратыг хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Уг арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Лайфтроник” ХХК болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцлоо.Эдгээр тоног төхөөрөмж, оношлуурыг хүлээн авах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19 халдварын цар тахлын эхэн үеэс БНСУ-аас Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх, сэргийлэхэд зориулж, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг удаа дараа үзүүлж ирсэн нь цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.

 Тэрээр халдвар, нас баралтын тоо дорвитой буурахгүй байгаа энэ амаргүй үед БНСУ-ын Seegenе Inc. компаниас КОВИД-19 халдварыг илрүүлэх, баталгаажуулах гол шинжилгээний аппаратуудыг оношлуурын хамт иж бүрнээр хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг онцлоод эдгээр аппарат, тоног төхөөрөмжийг хэрэгцээ шаардлага өндөр байгаа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөхөө мэдэгдэв. Элчин сайд Ли Ё Хун хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын эсрэг авч буй хариу арга хэмжээ, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг тэмдэглэж, ялангуяа вакцинжуулалтын ажил эрчимтэй өрнөж, дэлхийд дээгүүр бичигдэх болсонд Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэхийн зэрэгцээ БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг КОВИД-19 халдварын эсрэг вакцинд хамруулсан явдалд талархал илэрхийлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх