Төрсөн өдөр нь тохиож буй сувилагч Б.Өнөрхүүд Хотын дарга гэнэтийн бэлэг барилаа

2021 оны 05-р сарын 12 өдөр, 16 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
185421627_1640413312814542_71776556133282001_n_20210512045317

Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарт очиж төрсөн өдөр нь тохиож байгаа сувилагч Б.Өнөрхүүд гэнэтийн бэлэг барьж, цэцгийн баглаа, гарын бэлэг гардууллаа. Хотын дарга Д.Сумъяабазар “Ард иргэдийн эрүүл мэндийн манаанд нэн тэргүүнд зогсдог сувилагч танд Олон Улсын сувилагчдын баярын мэндийг хүргэе. Мөн төрсөн өдөр нь давхар тохиож байгаа учраас албан ёсоор баяр хүргэх гэж ирлээ. Гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Засаг даргын зүгээс эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдаа бүх талаар нь дэмжиж ажиллана” гэлээ. Харин сувилагч Б.Өнөрхүү Хотын даргад баярласнаа илэрхийлээд, нийт сувилагч нартаа Олон Улсын сувилагчдын баярын мэнд хүргэлээ.

Мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарын эрхлэгч Г.Оюунцэцэгт коронавирусээр өвчлөөд эдгэрсэн эмнэлгийн алба хаагчдад зориулсан дархлаа дэмжих эрүүл мэндийн багцыг гардуулан өглөө. Тус эмнэлэг нь Хан-Уул дүүргийн 10 хорооны 80 мянга орчим иргэнд үйлчилдэг. Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байсан ажилтнуудаас нь дөрвөн хүн халдвар аваад эдгэрчээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “Цар тахлын амаргүй цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө цаг наргүй ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэж байгаа эрүүл мэндийн салбарынхандаа Засаг даргын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дархлаажуулалтын аяны хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс дархлаа дэмжих багцыг гардуулж байна. Ачааны хүндийг нуруундаа үүрч байгаа та бүхэн маань эрүүл байж, ард иргэдээ хамгаална. Ажлын амжилт хүсье” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх