Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа бүрэн төлж улс, орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамгийн ашигтай ажилласан, шилдэг татвар төлөгч байгууллагаар 20 дахь жилдээ шалгарлаа. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт нийт 752.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүнээс орон нутгийн төсөвт 49.3 тэрбум төгрөг, Булган аймагт байгалийн нөөц ашигласны төлбөрт 12.5 тэрбум төгрөг төлсөн зэрэг ажлын амжилтаар татвар төлөгчдийг тэргүүлсэн байна.
Улсын хэмжээнд шилдэг татвар төлөгчдийг алдаршуулах зорилгоор дараах төрлүүдээр шилдгүүдээ шалгаруулдаг. Үүнд: Татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн “Шилдэг татвар төлөгч”-өөр 20 ААН, “Шилдэг татвар төлөгч”-өөр 10 иргэнийг тодруулсан бөгөөд “Хамгийн их татвар төлсөн” , “Хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч”,”Ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч”-өөр тус бүр 10 ААН-ийг шалгаруулсан юм. Түүнчлэн шилдэг татвар төлөгчөөр Эрдэнэт үйлдвэрээс гадна “Эрдэнэс тавантолгой”, ”Оюутолгой”, ”АПУ”, ”Энержиресурс”, ”Болд төмөр ерөө”, ”Спирт бал бурам”, ”Ти Жи Ви Си Өү”, ”Хүрэн толгой коал майнинг”, ”Таван толгой” зэрэг компаниуд шалгарчээ.
“Татварын шинж хууль, Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ААН-үүдээ томруулах, татварын үйлчилгээг энгийн хялбар болгох зорилттой ажиллаж байна. Анхны жилийн хэрэгжилтийн тайлан мэдээнээс дурдахад 300 сая хүртэл борлуулалтын орлоготой 16706 ААН нэг хувийн татвар төлж, 32.3 тэрбум төгрөг ААН-үүддээ үлджээ. Өмнөх жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан 15171 ААН-ийн 116.9 тэрбум төгрөгийн албан татварыг чөлөөллөө. Мөн тайлагналын тоо буурч 2020 онд ердөө 106 ААН дөрвөн удаа тайлан гаргаж, үлдсэн 194.9 мянган ААН жилдээ 1-2 удаа тайлан гаргасан нь татвар төлөгчийн цаг завыг хэмнэлээ” гэж албаны эх сурвалж мэдээлэв.