Олон улсын нэр хүндтэй Дипломат сэтгүүл нь дэлхийн олон улсын нөхцөл байдал, цаг үеийн алдартай нийтлэлүүдээрээ дэлхийн томоохон хэвлэлүүдийн нэгд тооцогддог бөгөөд дэлхий нийтээр тараад буй цар тахалтай өндөр зохион байгуулалттай сайн ажиллаж байгаа Засгийн газар, сайд нарын нэрлэсэн байна.
Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нарыг онцлон дурдсан бөгөөд уг нийтлэлийг бүрэн эхээр нь та бүхэд хүргэе.
ВАШИНГТОН. /The Diplomat/. Монгол Улс хүн амаа “COVID-19”-ийн вакцинд хамруулсан үзүүлтээрээ дэлхийд дээгүүрт орж байна. Тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар дэлхийн 181 улс орон иргэдээ вакцинжуулж эхлээд байгаагийн нэг нь Монгол Улс юм.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны мэдээллээр, хүн амын 42.2 хувь нь вакцинд хамрагдаж, нийт 1 398 592 тун вакцин тарьжээ. Дэлхий даяар коронавирусний халдвар тархаад буй энэ хүнд цаг үед Монголын олон тулгуурт гадаад бодлого вакцинжуулалтын дипломат ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
“COVID-19” цар тахал болсноос хойших 10 сарын хугацаанд Монгол Улсад дотоодод халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм. Гэвч энэ хавраас халдвар авсан хүний тоо олноор нэмэгдэх болж, одоо халдварын нийт тохиолдлын тоо 41 мянга даваад байна. Мөн халдварын улмаас нас барсан хүний тоо 134-т хүрчээ. “COVID-19” халдварын тоо болон гадаадаас ирэх иргэдийн тоо нэмэгдсэн нь Засгийн газрын зүгээс цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй төлөвлөгөөнд үл итгэх байдлыг нэмэгдүүлсэн байна.
Засгийн газар хүн амаа вакцинжуулахад голчлон анхаарч байгаагийн сацуу Япон, БНСУ, АНУ зэрэг түншүүдийнхээ тусламжтайгаар хилийн чанад дахь иргэдээ аажмаар татан авч байгаа юм. Гэвч вакцины олон сонголт, вакцинд үл итгэх хандлага гэх зэргээр монголчууд уг асуудалд хоёр өөр байр суурьтай байна.
Монгол Улс 2011 онд Гадаад бодлогын үзэл баримтлалдаа олон тулгуурт гадаад бодлого явуулна хэмээн тусгасан бөгөөд энэ нь вакцинжуулалтын дипломат ажиллагааг үр дүнтэй өрнүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Монгол Улс нь далайд гарцгүй хэдий ч стратегийн түншлэлээрээ дамжуулан олон эх үүсвэрээс вакцин хүлээн аваад байна.
Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Монгол Улс 2 600 540 тун вакцин хүлээн авчээ. Үүнд “COVAX” хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан “AstraZeneca”, “Pfizer”-ийн вакцин багтаж байгаагаас гадна Засгийн газар ОХУ-аас “Спутник V”, БНХАУ-аас “Sinopharm”-ын вакцин худалдан авчээ. “COVAX” хөтөлбөр нь 2021 оны эцэс гэхэд бага орлоготой орнуудад 1.3 тэрбум тун вакцин нийлүүлэх төлөвтэй байгаа юм.
Хөрш ОХУ, БНХАУ-тай байгуулсан стратегийн түншлэл нь Монгол Улсыг бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад түргэн хугацаанд вакцин татан авахад нөлөөлжээ. 2021 оны хоёрдугаар сарын 23 гэхэд Монгол Улс “Sinopharm”-ын 300 мянган тун татан аваад байв. Харин саяхны жишээг татвал, тавдугаар сарын 2-нд “Спутник V” вакцины эхний 20 мянган тунг хүлээн авсан бөгөөд 6-нд 131 200 тунг нэмж авах төлөвтэй байна. “Засгийн газрын харьяа байгууллагууд вакцины татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжүүлж, идэвхтэй ажилласаар байна” гэж Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг мэдээлжээ. Мөн дөрөвдүгээр сарын 30-наас Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг “сайн дурын вакцинжуулалтад” хамруулж эхэлжээ.
Монгол Улсын хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ нь дэлхий дахины вакцины нийлүүлэлтэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа юм. Их Британийн нийслэл Лондон хотод төвтэй “Economic Intelligence Unit ” байгууллагын тайланд, “БНХАУ, ОХУ сүүлийн саруудад хөгжиж буй орнууд руу олон сая тун вакцин илгээгээд байна. Ийнхүү “вакцины дипломат ажиллагаагаар” дамжуулан ОХУ, БНХАУ дэлхийн тавцан дахь байр сууриа бэхжүүлж, Өрнөдийн нөлөө буурч буй хөгжиж буй олон оронтой хоёр талын харилцаагаа сайжруулахыг зорьж байна” хэмээн бичжээ.
Монгол Улсын хувьд ийнхүү хөршүүдийнхээ аль алинаас туслалцаа хүлээн аваад байгаатай зэрэгцэн “гуравдагч хөрш” нь ч “зүгээр хараад суусангүй”.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монголын Засгийн газрын “COVID-19”-тэй тэмцэх үйлст дэмжлэг үзүүлэх зорилгоор 450 мянган ам.долларын /1.3 тэрбум төгрөг/ хөтөлбөр эхлүүлж буйг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам мэдэгджээ. Ингэснээр АНУ-аас Монгол Улсад халдварын тархалттай тэмцэхэд үзүүлсэн тусламж 4 сая ам.долларт хүрч байгааг ЭСЯ онцолжээ. “Энэхүү тусламж нь Монгол Улсын халдварт өвчинтэй тэмцэх чадварыг бэхжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авах, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, халдварын тархалтаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар олон нийтэд таниулахад хувь нэмрээ оруулахад чиглэж байна” хэмээн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй саяхан хийсэн уулзалтынхаа талаар “Twitter” хуудсандаа, “Цар тахлын үеийн дипломат ажиллагаа” хэмээн нийтэлжээ. Талууд АНУ Монгол Улсын стратегийн түншийн хувьд цар тахалтай тэмцэх үйлсэд нь “COVAX”, санхүүгийн тусламжаар дамжуулан хэрхэн туслалцаа үзүүлэх тухай яриа хэлэлцээг тасралтгүй өрнүүлсээр иржээ.
Үүнээс гадна дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээв авч уулзжээ. Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсад хоёрдугаар сарын сүүлээр “AstraZeneca”-гийн 150 мянган тун вакциныг хандивласнаар ийнхүү хандив өгсөн эхний орнуудын нэг болсон юм. М.П.Сингх уулзалтын үеэр, “Энэтхэг улс “Оюун санааны хөрш, “Стратегийн түнш”-дээ “COVID-19”-ийн вакцин хүлээлгэн өгсөн анхны орон болсонд баяртай байна” хэмээн хэлжээ. Хоёр орон 2015 онд стратегийн түншлэл байгуулсан нь цар тахлын үед ийнхүү үр өгөөжөө өгч байна. Мөн Монгол Улс нь Энэтхэгийн вакцины дипломат ажиллагааны хүрээнд хамгийн эхэнд вакцин хүлээн авсан 13 орны нэг болсныг М.П.Сингх онцолжээ. Харин одоо Энэтхэгт халдварын үзүүлэлтүүд өмнө нь бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгдэх болсонтой холбогдуулан Монголын Засгийн газар Энэтхэгт нэг сая ам.долларын тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.
Засгийн газрын тэргүүн болсноос хойших 100 хоног нь удахгүй болох Л.Оюун-Эрдэнийн хувьд 18-аас дээш насны бүх хүн ам буюу нийт хүн амынхаа 62 хувийг долоодугаар сар гэхэд вакцинжуулах зорилт тавиад байгаа юм. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагийн мэдээлснээр, Монгол Улс хүн амаа бүхэлд нь вакцинжуулахад 4 200 000 тун вакцин шаардлагатайгаас одоогоор хоёр сая гаруй тунг нь татан авчээ.
Дэлхий дахиныг хамарсан цар тахал аливаа улс орны гадаад бодлогын ач холбогдол, гадаад бодлогын стратегийн хүчин чармайлт, дипломат ажиллагаагаар ямар үр дүнд хүрч болохыг тодотгон харуулаад байна. Гурван сая гаруй хүн амтай учраас жижиг улсуудын тоонд багтдаг Монгол Улсын хувьд олон тулгуурт гадаад бодлогыг урт хугацааны турш баримталсны дүнд вакцины дипломат ажиллагааг тун үр дүнтэй өрнүүлж байна.
сайн дипломатч болоорой