Д.СҮХБОЛД: АӨСҮТ амбулаторийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭГ хийж байна

2021 оны 04-р сарын 07 өдөр, 10 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
suhbold

АӨСҮТ нь өнгөрсөн оны сүүлчээр хамгийн анхны өвчтөнд арьсыг нь өөрөөс өөрт нь шилжүүлэн суулгах хоёр төрлийн мэс заслын эмчилгээг амжилттай нэвтрүүлж,  амбулаторийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн амбулаторид мэс заслын өрөөг байгуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж. Энэ талаар АӨСҮТ-ийн арьсны мэс засал, эмчилгээний гоо заслын их эмч Д.Сүхболдтой ярилцлаа.

-Сайн байна уу. Таныг арьсны мэс заслын нарийн мэргэжлээр мэргэжил дээшлүүлсэн  гэж сонслоо.  Манай улсад энэ чиглэлийн боловсон хүчнийг хэрхэн бэлтгэж байна вэ?

-Сайн байна уу. Миний хувьд 2016 оноос эхлэн Арьсны өвчин судлалын үндэсний төв /АӨСҮТ/-д арьсны эмчээр зургаа дахь жилдээ ажиллаж байна.

Монгол Улсын хэмжээнд арьс судлалын салбарын хүний нөөц бэлтгэх чиглэлээр 2016 онд  Эрүүл мэндийн сайдын “Эмчилгээний гоо засал болон арьсны мэс засал судлал” -аар арьс судлалыг төгссөн эмч нар сурч болно гэсэн тушаал батлагдсан. Үүний дагуу АШУҮИС 2019 оноос эхлэн энэ чиглэлээр сургалт явуулж эхэлсэн бөгөөд тус онд надтай хамт гурван эмч энэ чиглэлээр суралцан төгссөн ба анхны залуу боловсон хүчин болж, арьсны мэс заслын чиглэлээр ажиллаж байна.

-АӨСҮТ-ийг харшил, арьсны өвчлөл эмчилдэг гэдгээр нь түлхүү мэддэг. Харин арьс гоо засал, гоо сайхны болон арьсны хавдрын мэс заслын үйлчилгээ үзүүлдгийг тэр бүр сайн мэдэхгүй байх?

-Манай АӨСҮТ-ийн мэргэжлийн арьс, харшил,  гоо заслын эмч, сувилагчдын баг улсын хэмжээнд олон төрлийн эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хувийн эмнэлгүүдэд үзүүлдэг бүх төрлийн гоо заслын үйлчилгээг манай төв үзүүлж байна.

АӨСҮТ-өөр үйлчлүүлж буй иргэдийн хувьд илүү найдвартай, чанартай, мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдээс тусламж, үйлчилгээ авдгаараа онцлогтой.

Харин арьсны мэс заслын эмчилгээний хувьд бусад мэс заслын эмчилгээнүүдээс онцлогтой байдаг. Манайх арьсны нөсөө алдагдлын өвчин, арьсны хоргүй хавдар буюу мэнгэ ургацаг авах зэрэг мэс заслыг хийж байна.

Сүүлийн үед арьсны хорт хавдар нэмэгдэх хандлагатай болсон. Арьсны хорт хавдрыг манай эмнэлэгт оношлуулаад ХСҮТ-т эмчлүүлдэг. Тэгвэл бид цаашид энэ төрлийн хорт хавдрын мэс заслын эмчилгээг эмнэлэгтээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. Манайд мэргэшсэн арьсны эмгэг судлалын эмч нар нь бэлтгэгдсэн учраас цаашид энэ чиглэлийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой гэж ойлгож болно. Түүнчлэн бид үс шилжүүлэн суулгах мэс заслыг хийх алсын зорилттой байгаа.

Монгол улсад тархалт ихтэй арьс цайх өвчнийг манай эмнэлэг бүрэн эмчилж эхлээд байна. Бид арьсыг нь өөрөөс өөрт нь шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.

2020 оны сүүлчээр хамгийн анх удаа арьс цайх өвчтөний арьсыг нь өөрөөс өөрт нь шилжүүлэн суулгах хоёр төрлийн мэс заслыг амжилттай хийсэн. Энэ мэс заслыг бид цаашид улам төгөлдөржүүлж, боловсронгуй болгохоор зорьж байна. Түүнчлэн 2021 оны эхэнд арьсны хоргүй мэнгэ болон өөхөн эдийн хоргүй хавдрын мэс заслын эмчилгээг хийж эхлээд байна.

Arslan.mn

-Та түрүүн арьс цайх өвчин ихсэх хандлагатай байна гэсэн. Энэ төрлийн өвчлөлд оношилгоо, эмчилгээний ямар шинэ аргуудыг нэвтрүүлсэн бэ?

-Өнгөрсөн онд манай эмнэлэгт Eximer лазерын аппаратыг нэвтрүүлсэн. Энэ нь арьс цайх өвчтэй хүмүүст хэрэглэдэг шинэ эмчилгээний арга юм. Тус өвчин нь өвдөх, загатнах зовиур байхгүй ч гэсэн хүний гоо сайхан, сэтгэл зүйд асар их дарамт учруулдаг. Энэ аппаратын тусламжтайгаар арьсны цайралтыг нь бүдгэрүүлж, цаашлаад цайралтыг зогсоодог. Мөн хумсны мөөгөнцөрт өвчний оношилгоонд PAS stanin-г хэрэглэх зэрэг оношилгооны шинэ арга, хөлдөөх эмчилгээний аргаар  келойд сорив буюу хэт ургалттай соривуудыг эмчлэх аргыг нэвтрүүлээд байна.

-АӨСҮТ нь амбулаториор тусламж үйлчилгээг өргөжүүлэн амбулаторид мэс заслыг өрөөг байгуулжээ. Тэгэхээр амбулаториор тусламж үйлчилгээг үзүүлэхэд давхар мэс заслын тусламж үйлчилгээг авна гэсэн үг үү?

-Өмнө нь амбулаторид хандсан үйлчлүүлэгчдийн оношийг тодруулаад, гэрийн эмчилгээг бичиж явуулах ч юм уу,  шаардлагатай тохиолдолд харьяа дүүргийн мэс заслын тасагт илгээдэг байсан. Гэтэл манайх улсдаа ганцхан арьс өвчний төрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг учраас хөдөө орон нутгийн иргэд зорьж ирэн үйлчлүүлэх нь олон.

Тиймээс манай төвд хандаж буй үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээг цогц болгож, учрах хүндрэл чирэгдлийг багасган амбулаториос шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг авах боломж бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд амбулорторийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, мэс заслыг өрөөг байгуулсан.

Ингэснээр арьсны идээт тууралт өвчлөлүүд болон  арьс, хумсны мөөгөнцөрт  өвчлөлийг эмчлэх эмчилгээний аргуудыг нэвтрүүлэн шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Мөн амбулаторийн тусламж үйлчилгээний хүрээнд арьсны мэс заслын кабинет байгуулагдсанаар гардан хийх мэс ажилбарууд өргөн цар хүрээтэй хийгддэг болж байна.

Жишээ нь, үс уналтын тарилга эмчилгээнүүд, арьсны архаг загатнаа, зангилаат өвчний тарилга эмчилгээ болон арьсны соривжилтийн эмчилгээ, хумсны буруу ургалт, гажиг засалт гэх мэтчилэн мэс заслын эмчилгээг амбулаториор үзүүлэн ажиллаж боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр үйлчлүүлэгчид эмчид үзүүлэн оношоо тодорхойлсон өдрөө цаг алдалгүй эмчилгээгээ  хийлгэх бүрэн боломтой болсон.

-Танай төв арьсны хорт хавдрыг эмчлэх эмчилгээг нэвтрүүлэхээр зорилт тавьжээ. Тэгвэл арьсны хорт хавдар болон үүсэх гол шалтгаан нь юу вэ? 

-Арьсны өвчлөлөөс олон нийт хамгийн сайн мэддэг хавдар бол Меланом хавдар байдаг.  Энгийнээр хэлбэл, арьсны нөсөөт эсийн гаралтай хавдар юм. Энэ хавдар нь хортой бөгөөд бусад эд эрхтэнд үсэрхийлж, тархах эрсдэлтэй. Түүнчлэн арьсны суурь эсийн болон эвэршдэг эсийн хавдрууд зэрэг хортой хэлбэр рүү шилждэг хэдэн хэдэн төрлийн хавдрууд байдаг. Эдгээр нь Монгол улсад харьцангуй бага тархалттай боловч сүүлийн жилүүдэд цөөнгүй бүртгэгдэж байна. Мөн нөсөөт эсийн хавдар болох меланомоор нас барж байсан тохиолдлууд ч байдаг. Өөрөөр хэлбэл, арьсан дээрх хавдрыг мэнгэтэй андуурч тоохгүй удаан хугацаанд явснаас бусад эд эрхтэнд тархан үсэрхийлж олон эрхтэнийг гэмтээх эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс энэ төрлийн хавдрыг бусад эд эрхтэнрүү үсэрхийлээгүй байх хөнгөн үед нь бүрэн эмчлэх боломжтой.

Арьсны хорт хавдрыг үүсгэдэг гол шалтгаан бол нарны хэт ягаан туяаны нөлөөлөл, янз бүрийн химийн хортой бодисуудаар арьсыг гэмтээх, арьсны хавдрын урьтал өвчнүүд нөлөөлдөг.

Үүнээс онцолбол, нарны хэт ягаан туяанд хэт өртөх нь арьсны  хавдрыг үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Тийм учраас экваторын бүсэд ойрхон байрладаг Австрали гэх мэт улс орнуудад энэ өвчлөл маш өндөр байдаг. Харин манай улсын хувьд  нарны хэт ягаан туяаны нөлөөлөл бага байдаг боловч арьсны хорт хавдрын өвчлөл цөөнгүй бүртгэгдэж байна. Үүнээс гадна гар утас, компьютер, дэлгэцийн хамаарлаас шалтгаалсан хэт ягаан туяаны нөлөөлөл нь энэ өвчнийг үүсгэх томоохон шалтгаан болох магадлалтай юм. Хүмүүсийн хэрэглээ их болсон. Тийм учраас иргэд аль болох хэрэглээ  талаас зөв зохистой хэрэглэж байх хэрэгтэй.

– Нарны хэт ягаан туяанаас арьсаа хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?

– Монголчуудын хувьд нарны тос хэрэглэж, арьсаа хамгаалах нь харьцангуй бага. Гэтэл гадаадын орнуудад нарны тос хэрэглэдэггүй хүн ховор байдаг. Нөгөөтэйгээр нарны туяа хүнийг  маш амархан хөгшрүүлдэг. Тэгэхээр нарны тос нь арьсны өвчлөл, хөгшрөлтөөс давхар сэргийлдэг гэсэн үг. Түүнчлэн нарны тосоо сонгохдоо ямар туяанаас хамгаалах зориулалттай, хэдэн цагийн хамгаалалттай зэрэг заавартай нь сайн танилцаж сонгож, зөвхөн дулааны улирал гэлтгүй жилийн дөрвөн улирал зааврын дагуу хэрэглэж сурах нь чухал юм.

– Ярилцсанд баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх