Өнөөдөр дэлхийн эмч нарын баярын өдөр тохиож буй билээ. Энэ өдрийг тохиолдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн /СЭМҮТ/ сэтгэцийн эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор эрүүл мэндийн салбарт 31 дэх жилдээ ажиллаж буй Казанцева Елена эмчийг урьж эмч мэргэжлийн онцлог, үнэ цэнийн талаар ярилцлаа.
-Танд баярын мэнд хүргэе. Эмч гэх хариуцлагатай мэргэжил рүү таныг хэн хөтөлж оруулж байв.
-Баярлалаа. Би багаасаа эмч болж тоглох дуртай, бүх хүүхэлдэйгээ эмчилж тоглодог тийм хүүхэд байсан. Мэргэжлээ сонгоход хэн ч нөлөөлөөгүй, би өөрөө энэ мэргэжилд дурлаж, бэлтгэж сонгосон. 1990 онд Анагаахын ухааны дээд сургуулийг улаан дипломтой төгссөнийхөө дараа эрүүл мэндийн салбараас ямар ч чиглэлийг сонгох боломж надад байсан. Тэр үед би сэтгэцийн салбарыг сонгосон. Тухайн үед манай ангийнхан, тэр ч байтугай анагаахын багш нар хүртэл гайхаж, чи яагаад энэ салбарыг сонгов гэж надаас асууж байсан. Тухайн үедээ сэтгэцийн салбарыг бусад эмнэлгийн мэргэжилтнүүд хүртэл ойлгодоггүй байсан.
-Эмч мэргэжлээр суралцана, тэр дундаа улаан диплом өвөртлөнө гэдэг бол амаргүй давааны нэг байх. Таны үед энэ салбарын мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэж байв?
-Би социализмын үед л эмч мэргэжлээр сурч байсан, анагаах ухааны дээд сургуулийн түүхэнд манай курс марксизм-ленинизмын улсын шалгалт өгсөн хамгийн сүүлчийн курс байсан. /инээв/ Бидний үед багш нарыг маш их хүндэлдэг байлаа шүү дээ. Оюутан байхдаа онц сурлагын өндөр стипенд авдаг. Тухайн үед ихэнхи ном, сурах бичиг орос хэл дээр байдаг, оюутнуудын орос хэлний мэдлэгийг сайшаадаг байсан учраас надад орос хэлний сурах бичгээс суралцахад хялбар байсан гэж хэлж болно.
-Эрүүл мэндийн салбар тэр дотроо сэтгэцийн салбарыг эмнэлгийн мэргэжилтнүүд хүртэл ойлгодоггүй гэж та түрүүн хэллээ. Энэ салбарын онцлог юу вэ?
-Сэтгэцийн эмчийн ажлыг хамгийн амархан гэж үздэг байсан үе байна. Ажлын цаг нь богино, цалин өндөр, амралт нь бараг хоёр дахин урт байдаг тул бусад мэргэжлийн эмч нар сэтгэцийн эмч нарт бараг атаархдаг.
Гэхдээ бодит байдалтай тулгарсаны дараа хүмүүсийн хуурмаг төсөөлөл нурдаг. Тэд гэнэт сэтгэцийн эмгэг бол анагаах ухааны хамгийн хэцүү, хамгийн их хариуцлагатай, хамгийн аюултай салбар байсаар ирсэн, байх болно гэдгийг ойлгож эхэлдэг.
Сэтгэцийн эмч өвчтөнийг сонсохдоо өвчтөний амьдрал болон эмгэгийн нарийн төвөгтэй замыг буюу сэтгэл хөдлөл, бодол, мэдрэмжийг ойлгох хэрэгтэй. Энэ нь өвчтөн, өвчтөний тухай мэдээллийг хүлээн авах, дүн шинжилгээ хийх өвөрмөц ур чадварыг шаарддаг.
Сэтгэцийн эмч тархины өвчнийг эрхтэн шиг эмчлэхгүй, харин хүний сэтгэлийн зовлонг эмчилдэг. Энэ дотор сэтгэлийн шаналал, цөхрөл ба найдваргүй байдал, энэ бол бүх дэлхий ертөнцөд гаргадаг уур хилэн, үзэн ядалт, жигшил гэх мэт багтдаг.
Сэтгэцийн эмгэг нь өвчтөний хувийн шинж, зан чанар, оюун ухаан, сэтгэлгээний хэв маяг, амьдралын хэв маягийн олон шинж чанаруудтай холбоотой байдаг тул хязгааргүй олон хувилбараар илэрдэг учраас өвөрмөц шинж чанартай. Үүнийг хамгийн дэлгэрэнгүй гарын авлага, лавлах номоор ч тайлбарлах боломжгүй юм. Тиймээс мэргэжлийн сэтгэцийн эмч өвчтөнийг сэтгэлээрээ ойлгох ур чадвар, мэдрэмжтэй болдог.
-Сэтгэцийн эмчээс маш олон чадвар шаардахаас гадна ажлын өвөрмөц онцлогтой холбоотой хүндрэлүүд ч бас байдаг байх?
-Тиймээ. Өвчтөнтэй ярилцах үеэр сэтгэцийн эмч олон тодруулах асуулт асууж, сэтгэлзүйн болон сэтгэцийн эмгэгийн олон янзын хэлбэрүүдийн хооронд ялган оношилгоо хийх ёстой. Үүний зэрэгцээ өвчтөний хувийн шинж чанар (оюуны, сэтгэлзүйн, ёс суртахуун, нийгмийн), гэр бүл, нийгэмтэй харьцах харьцааг тодорхойлох оношилгоо давхар хийж байна гэсэн үг.
Харин сэтгэцийн өвчтэй хүмүүс өөрчлөгдсөн био талбарыг ялгаруулдаг. Үүний зэрэгцээ сэтгэл санааны хувьд сэтгэлээр унасан өвчтөн “эрчим хүчний цус сорогчийн” үүрэг гүйцэтгэж, хүрээлэн буй хүмүүсийн, түүний дотор эмчийн био энергийг эрчимтэй шингээдэг. Хэрэв өвчтөн хэт идэвхтэй байвал түүний эмх замбараагүй био талбар нь эмчийн биеийн энергийн систем дэх тэнцвэргүй байдлыг үүсгэдэг.
Тиймээс сэтгэцийн эмч нар хавдрын эмгэгээр 2-3 дахин их өвчилж, илүү хор хөнөөлтэй болох нь гайхмаар зүйл биш бөгөөд энэ нь тусгай иж бүрэн судалгаагаар батлагдсан юм.
– Эмч нар сургуулиа төгсөж, диплом гардахдаа тангараг өргөдөг. Тангарагийн мөн чанарыг та юу гэж үздэг вэ?
-Эмчийн тангараг гэдэг нь миний ойлголтоор үйл, үйлдэлдээ тусгай сахилга бат сахих үүрэгтэй гэсэн үг юм. Жишээлбэл, цэргийнхэн мөн тангараг өргөдөг. Хэрэв тэд тангаргаа зөрчвөл маш том алдаа, эсвэл бүр гэмт хэрэг үйлдэх болно. Анагаах ухааны салбарын тангараг нь хүмүүсийн амь настай холбоотой байдаг. Учир нь анагаах ухаанд тавьсан даалгаврыг тодорхой биелүүлэх хэрэгтэй. Хэрэв эмч мэдлэгтэй, сэтгэлтэй зүтгэлтэй бол өвчтөнийг эдгээж чадна.
“Эмч би,
Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж,
Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө
Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа
Тангараглая, Тангараглая, Тангараглая” гэж Төрийн сүлдэт тугандаа адислан, ажиллах итгэл үнэмшил, эрч хүчийг авдаг.
– Эмч хүнд ямар эрхэм чанар байх ёстой вэ?
-Зөвхөн хүндрэлд бэлэн хүмүүс эмчийн мэргэжлийг сонгох хэрэгтэй. Эмч бол тэвчээртэй, хариуцлагатай, нямбай, хянамгай, өөдрөг үзэлтэй, анхааралтай, хэрэгцээтэй хүмүүст эмнэлгийн тусламжийг хэзээ ч үзүүлэхэд бэлэн байх ёстой гэж боддог.
Өвчтөн болгон адилгүй байдаг. Гэхдээ бүх хүмүүстэй туйлын эелдэг харьцах хэрэгтэй. Үүнгүйгээр анагаах ухааны салбарт амжилтанд хүрэх боломжгүй. Түүнээс гадна эмчийн өдөр тутмын ажил маш хэцүү байдаг. Яагаад вэ гэвэл өдөр болгон хэн нэгний хувь тавилан, амь настай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Тиймээс жинхэнэ мэргэжлийн хүн болох нь туйлын чухал юм.
-Эмч нар бусдад зөвлөгөө өгдөг мөртлөө өөрсдөө илүү өвчтэй байдаг гэсэн яриа байдаг?
-Тийм байж болох юм. Анагахын мэдлэгтэй хүн өөртөө онош тавих нь хялбар байдаг. Гэхдээ сүүлийн үеийн анагаах ухааны шинэ оношлогооны олон аргуудыг эмч болгон мэдэхгүй учраас бусад хүмүүстэй адил нарийн мэргэжлийн эмч нарт хандаж байх хэрэгтэй гэж эмч хүний хувьд бодож явдаг.
– Сэтгэцийн салбарт олон жил ажилласан таны хувьд өнөөдөр манай иргэдийн дунд сэтгэцийн ямар өвчлөл их байна. Түүнээс сэргийлэх энгийн аргууд юу байна?
-Сүүлийн үеийн судалгаа, статистикийн тандалтаар түгшүүр, айдсын эмгэг, сэтгэл гутрал, нойргүйдэл их тохиолдож байна гэдгийг харуулж байна. Стресс бухимдлаас л бид ангижрах хэрэгтэй. Жишээ нь би өөрийнхөө стрессийг харьцуулан ойлгох аргаар тайлдаг. Бэрхшээл бүрт сайн зүйл байдаг гэж би боддог. Аливаа муу юманд сайн зүйлийг олж чаддаг хүн стресст өртөх нь бага байдаг.
– Эмчийн хувьд хийж чадаагүй, чадахгүй асуудал танд байна уу?
-Төгс хүн гэж байдаггүй, мөн адилхан төгс эмч гэж байдаггүй. Сэтгэцийн эмч донтох эмгэгтэй хүн өөрийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй үед хэзээ ч тэр хүнийг эмчилж чаддаггүй гэж боддог.
-Өнөөдөр дэлхийн эмч нарын баярын өдөр. Тиймээс ярилцлагынхаа төгсгөлд таныг эмч нартаа хандаж мэндчилгээ давшүүлвэл?
-Эмчийн мэргэжил маш их үүрэг хүлээдэг. Эмч байх нь хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, ойр дотны хүмүүсийн аз жаргал, эрүүл нийгмийн төлөө асар их үүрэг хариуцлага хүлээдэг юм. Тийм ч учраас анагаах ухаанд амьдралынхаа туршид мэдлэг, ур чадварынхаа түвшинг дээшлүүлдэг хамгийн хүчирхэг, чин сэтгэлтэй хүмүүс л үлддэг. Энэ гайхамшигтай өдөр би бүх эмч нарт үнэн зөв оношилгоо, өөртөө итгэх итгэлийг хүсэн ерөөж байна. Амьдралд талархалтай өвчтөнүүд, баяр хөөртэй мөчүүд илүү олон байх болтугай! Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!
-Танд баярлалаа. Таны ажил үйлс бүтэмжтэй байх болтугай!