Өнгөрсөн 7 хоногт олон улсын КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ХСҮТ 10300 хүн тун бүхий Пфайзер-Бионтех үйлдвэрийн КОМИРНЭТИ вакциныг хүлээн авсан билээ. Уг вакцинаар хорт хавдартай өвчтнүүд болон хавдрын хяналтад байдаг иргэдийг дархлаажуулах юм. Дархлаажуулалтын ажил маргаашнаас ХСҮТ-д эхлэх бөгөөд дүүргүүдийн хавдар судлаач эмчийн хяналтын бүртгэл дээр үндэслэн тусгай хуваарийн дагуу хяналтын өвчтнүүд ирж вакцинаа хийлгэх юм.
Хавдартай иргэдийн вакцинжуулалтын ажлыг ХСҮТ-ийн Дархлаажуулалтын баг, дүүргүүдийн хавдар бүртгэгч нартай хамтран зохион байгуулах бөгөөд маргаашнаас эхлэн 4 хоног буюу 3-р сарын 30-аас 4-р сарын 2-н дуустал БЗД-ийн хавдрын хяналтын иргэд хороо, хороогоор нь гаргасан хуваарийн дагуу 10.00-18.00 цагт ХСҮТ-д ирж вакциндаа хамрагдана.
Харин вакцинд хамрагдах иргэн Та дархлаажуулалтын ажилд хариуцлагатай хандаж дүүргийн хавдрын эмчийн хэлсэн хуваарьт цаг, өдрийн дагуу ХСҮТ-ийн баруун урд талын хаалгаар үйлчлүүлээрэй. Иргэн Та товлолт цагаасаа эрт ирэх, олон хүн дагуулж ирэх зэргээр хүний бөөгнөрөл үүсгэх, ХСҮТ-ийн тусламж үйлчилгээнд ачаалал нэмэх, КОВИД19-ын халдварт өртөх эрсдлээс сэргийлэх үүргээ ухамсарлаж Аюулгүйгээр Дархлаажуулалтаа хийлгээрэй.