Цагаатгуулах болон нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа 2020 онд дуусгавар болжээ

2021 оны 03-р сарын 11 өдөр, 16 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
159485940_355878555581376_3522559892254299235_n

Цагаатгах тухай өргөдөл гаргах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар хуульд заасан бөгөөд хүсэлт гаргах хугацаа дууссан гэдгийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдээллээ.

Улс төрийн хилс хэрэгч хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль 1998 онд анх батлагдсан бөгөөд таван удаа нэмэлт өөрчлөлт оруулж, цагаатгах тухай өргөдөл гаргах, хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор нэхэмжлэх хугацааг сунгасаар иржээ.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш хуулийг хэрэгжүүлэх хугацаанд нийт 1858 иргэн нэхэмжлэгчээр бүртгүүлж, зөвлөгөө мэдээлэл авч, материалын бүрдүүлбэрээ ханган хэлмэгдэгчдийн нэхэмжлэгчээр сонинд зарлагдсан байна. Тухайлбал 1643 нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр албажин ирснээс 996 нэхэмжлэгчдэд 60 гаруй тэрбум төгрөгийг нөхөх олговорт олгоод байна.

Түүнчлэн нөхөх олговор олгох тухай шүүхийн шийдвэр нь албажин ирсэн 647 нэхэмжлэгч, харьяалах иргэний хэргийн шүүх дээр хэрэг үүсгэн хянагдаж буй 215 нэхэмжлэгч нийт 862 нэхэмжлэгч нөхөх олговрын мөнгөө авахаар хүлээгдэж байна. Мөн энэ онд улсын төсөвт нөхөх олговорт 5.0 тэрбум төгрөг батлагдсан ба ойролцоогоор 100 нэхэмжлэгчийн нөхөх олговорт олгогдох юм.

Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барсанаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор хуульчилсан байдаг.

Монгол улсад 1922-1990 оны хооронд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн 37 мянга гаруй хүнээс 2020 оны байдлаар 31357 иргэний нэр төрийг сэргээж, цагаатгасан байна.

Хуульд заасны дагуу /12 дугаар зүйлийн 12.3-т “…Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна…” гэж заасан. Иймд 2018 оны 1 дүгээр сарын 12-ний өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн материалыг хүлээж авах эрх зүйн орчин нээлттэй хэвээрээ байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИСС

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх