МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонсгол маргааш болно

2021 оны 03-р сарын 04 өдөр, 14 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
74f98710f3479b95e500ddbfdd7e1f7b_x3

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс зарласан МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчдын материалыг 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 18 цагаар тасалбар болгон хүлээн авч дууссан.

Тэгвэл уг нээлттэй сонсгол маргааш МҮОНРТ-ийн байранд болно.

Сонгон шалгаруулалтад оролцохоор доорх нэр бүхий 15 хүн зарласан хугацаанд материалаа ирүүлсэн байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс нэр бүхий 15 хүнийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчээр бүртгэж, жагсаалтыг гаргав.

Үүнд:

  1. Ө.Цэвэлсүрэн
  2. Б.Ууганбаяр
  3. Т.Бат-Оргил
  4. Р.Гандиймаа
  5. Э.Дагиймаа
  6. М.Амарбаяр
  7. Н.Болормаа
  8. Т.Батзориг
  9. Б.Цондовдорж
  10. А.Бүрэнбаатар
  11. Ш.Отгон-Өлзий
  12. Г.Гэрэл
  13. Б.Эрдэнэбаатар
  14. Б.Цэдэн
  15. Г.Баярхүү

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын томилгооны сонсгол зохион байгуулах дэг

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дэгийн зорилго нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал /цаашид “Ерөнхий захирал” гэнэ/-д нэр дэвшигч /цаашид “Нэр дэвшигч” гэнэ/-ийн дунд томилгооны сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам, сонсголын дэгийг тогтооход оршино.

1.2. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл /цаашид Үндэсний зөвлөл гэнэ /Ерөнхий захирлын томилгооны сонсголыг зохион байгуулахдаа энэ дэгийг баримтална.

Хоёр. Томилгооны сонсголын бэлтгэл хангах

2.1. Үндэсний зөвлөл томилгооны сонсгол /цаашид “Сонсгол” гэнэ/-ын товыг тогтоосон өдрөөс хойш тав хоногийн дотор МҮОНРТ-ийн www.mnb.mn цахим хуудсаар болон бусад боломжит хэлбэрээр сонсгол явуулах огноо, цаг, сэдэв, байр, ажиглагчаар оролцох нийт болон МҮОНРТ-ийн бүтцийн нэгж тус бүрээс оролцох ажилтан, уран бүтээлчдийн тоо, оролцогчдыг хэрхэн бүртгэх, бүртгэл дуусах хугацааны талаар мэдээлнэ.

2.2. Сонсголын товыг хойшлуулсан бол энэ дэгийн 2.1-д заасан арга, хэлбэрээр дахин зарлана.

2.3. Сонсгол зохион байгуулах танхим бэлтгэх, техникийн бэлтгэл хангах, сонсголын тэмдэглэл хөтлөх, сонсгол даргалагчийн даалгаснаар сонсголын дэг зөрчигчийг танхимаас гаргахыг Үндэсний зөвлөл хариуцана

2.4. Сонсголд оролцогчийн тооны дээд хязгаар болон МҮОНРТ-ийн бүтцийн нэгжээс оролцох төлөөлөгчдийн тоог сонсгол болох танхимын багтаамжаас хамааран Үндэсний зөвлөл тогтооно.

2.5. Сонсголд оролцох ажилтан, уран бүтээлчийн нэрийг бүтцийн нэгжийн удирдлага сонсгол болохоос нэг өдрийн өмнө Үндэсний зөвлөлд бичгээр ирүүлсэн байна.

2.6. Сонсголд оролцогч энэ дэгийн 2.1-д заасан цаг, байранд ажлын үнэмлэхтэйгээ хүрэлцэн ирж, тогтоосон хугацаанд бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг Үндэсний зөвлөлөөс хянаж баталгаажуулна.

2.7. Үндэсний зөвлөлийн томилогдсон гишүүн энэ дэгийн 2.7-д заасны дагуу баталгаажуулсан бүртгэлийн хуудсыг сонсгол даргалагчид хүлээлгэн өгнө.

2.8. Сонсголд Ерөнхий захиралд нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшигчийн жагсаалтад бүртгэгдсэн нэр дэвшигч бүр оролцох үүрэгтэй бөгөөд тэдэнд сонсгол болохоос гурваас доошгүй хоногийн өмнө сонсголд оролцох талаар мэдэгдэнэ.

2.9. Нэр дэвшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд оролцох, мэдээлэл, тайлбар өгөхөөс татгалзсан бол тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах үндэслэл болно.

2.10. Нэр дэвшигч сонсголд оролцох, мэдээлэл, тайлбар өгөх боломжгүй бол энэ тухай хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан хүсэлтийг холбогдох баримтын хамт сонсгол эхлэхээс өмнө Үндэсний зөвлөлд бичгээр, эсхүл цахимаар ирүүлнэ.

2.11. Үндэсний зөвлөл нэр дэвшигчдээс асуух арав хүртэл асуултыг урьдчилан бэлтгэх бөгөөд асуулт нь Ерөнхий захирлын мөрийн хөтөлбөрт тавигдсан шалгуур үзүүлэлтийн хүрээг хамарсан бодлогын шинжтэй байна.

2.12. Энэ дэгийн 2.10-т заасан асуултыг боловсруулахдаа МҮОНРТ-ийн ажилтан, уран бүтээлч, олон нийтээс ирүүлсэн санал, байр суурийг харгалзан үзэж болно.

Гурав. Сонсгол зохион байгуулах дэг

3.1. Сонсгол даргалагч сонсголын сэдэв, сонсгол зарласан огноо, сонсголд оролцохоор хүрэлцэн ирсэн Ерөнхий захиралд нэр дэвшигч, сонсголд оролцогчдын тоо, сонсголын дэг зэргийг 10 минутад багтаан танилцуулна.

3.2. Ерөнхий захиралд нэр дэвшигч нь сугалааны дарааллааар өөрийн мөрийн хөтөлбөрөө 10 минутад багтаан танилцуулна.

3.3. Бүх нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулж дууссаны Үндэсний зөвлөл энэ дэгийн 2.10-д заасны дагуу урьдчилан бэлтгэсэн асуултыг сонсголд оролцож байгаа нийт нэр дэвшигчийн дунд тавина.

3.4. Нэр дэвшигч энэ дэгийн 3.2-т заасан дарааллаар тавьсан асуултад 2 минутад багтаан хариулна.

3.5.  Асуулт, хариулт дууссаны дараа сонсгол даргалагч сонсголыг хааж үг хэлнэ.

3.6. Сонсголд оролцогч сонсголын үед асуулт асуух, үг хэлэх эрх эдлэхгүй.

3.7. Сонсголд оролцогч бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, бусдын яриаг таслах, зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, хашгирах, шүгэлдэх зэргээр бусдад үгээ чөлөөтэй хэлэхэд саад учруулсан болон сонсгол зохион байгуулагч, сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзвал сонсгол даргалагч эхний удаад дэг баримтлахыг сануулна, хоёр дахь удаад дэг баримтлахыг шаардана, шаардлагыг үл биелүүлбэл түүнийг сонсголын танхимаас гаргаж болно.

3.9. Сонсголыг 2 цаг тутамд 10 минутын хугацаагаар завсарлуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх