Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс, Японы Хүүхдийг Ивээх Сан олон улсын байгууллагатай хамтран хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлт-18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг зохион байгуулах болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх талаар аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийн чадавх бэхжүүлэх цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын нийт гишүүд, холбогдох байгууллагын эмч, мэргэжилтнүүд хамрагдаж, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлт болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх чиглэлээр мэдлэг ойлголтоо нэгтгэн, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг тогтмол хийгдэж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах чиглэлд амжилттай ажиллаж буй зарим аймаг, орон нутгийн туршлагаас хуваалцлаа. Түүнчлэн сургалт асуулт, хариултаар үргэлжилж, Салбар комиссын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Уг арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан БШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс, Японы Хүүхдийг Ивээх Сангийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хамт олонд талархал илэрхийлье.