100 жилийн ойд зориулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2021 оны 03-р сарын 01 өдөр, 12 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3
 Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ой, Эх орончдын өдөр тохиож байна –
   Монгол Улсын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын алба тэргүүтэй төр засаг болон нийслэлийн удирдлагууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Бидний өвөг дээдэс, эх оронч эрэлхэг баатрууд маань гал цогтой тэмцлээр түүхийн хуудсыг цоо шинээр эргүүлж, эргэх цаг, элэг зүрхнийхээ дуудлагаар Монгол Ардын Намыг үүсгэн байгуулснаас  хойш ийнхүү 100 жил өнгөрчээ.  Монгол Ардын Нам Монгол улсдаа төдийгүй, төв Азийн улс төрийн намууд дотроо анхны нам болон үүсэн байгуулагдсан. Нам байгуулагдсанаар ард иргэдээ бичиг, үсэгтэй болгох, эрүүл мэндэд анхаарах, их бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан арвин их түүхтэй билээ. Эцэг өвөгдийнхөө залуу нас, халуун сэтгэл, хатан зоригоороо тэмцэн байж авчирсан эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхийг өнөө болон ирээдүйн залуус бид бүгд мартах учиргүй юм.
“Энэ өдөр эх орон, улс үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эв саналаа нэгтгэсэн монголчууд Монгол Ардын Нам хэмээх улс төрийн ууган хүчнийг байгуулсан нь манай улс үндэстний хувьд тухайн үеийн дэлхий дахины чиг хандлагатай хөл нийлж, хөдөлж чадсан түүхэн үйл хэрэг. Энэ цаг мөчөөс хойш Монгол Ардын Нам улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа болж нэгэн зууны түүхийг түүчээлсэн. Монгол Ардын Намын түүх бол ард нийтээрээ хамтдаа бүтээсэн тусгаар Монголын түүх юм. Өдгөө бид өнгөрсөн 100 жилийн түүхээрээ бахархахын сацуу ирээдүйн 100 жилд Монгол Улс хаашаа явах хэрхэн хөгжихөд санаа тавих ёстой” гэдгийг Монгол Ардын Намын удирдлагууд онцолж байна.

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүссэн энэ өдрийг УИХ-ын 2011 оны чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчилсан билээ.  Ингэснээр  Монгол Ардын нам байгуулагдсаны ой, “Эх орончдын өдөр” нь эх оронч сэтгэлтэй хэн бүхний хүндэтгэн, тэмдэглэдэг баяр болсон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх