Эмгэнэл

2021 оны 01-р сарын 26 өдөр, 10 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
140912861_10158432333892034_1745259860998484369_o

Бадамдоржийн ГАНБАТ

(1953-2021)

Монгол Улсын Төрийн Соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Баянмонгол” чуулгын Ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор Бадамдоржийн Ганбат хүнд өвчний улмаас 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр таалал төгсөж, Монголын хөгжмийн урлагт хүнд гарз тохиолоо.

Б.Ганбат 1953 онд Улаанбаатар хотноо төрсөн бөгөөд нийслэлийн 5 дугаар дунд сургууль, Багшийн сургуулийн хөгжмийн ангид тус тус суралцан төгсжээ. Тэрбээр Багшийн сургуульд суралцах хугацаандаа нэгэн үеийн оюутнууд болох Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг нартай хамтран Монголын анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж, урлагийн замналаа эхэлсэн байна. Улмаар 1973 онд Барилгачдын соёлын ордонд хөгжимчин, багшаар ажиллаж байхдаа гитарын сургалт эхлүүлж, өнөөг хүртэл олон зуун шавь төрүүлжээ.

Б.Ганбат нь 1974 онд Улсын филармонийн “Баянмонгол” чуулгад гоцлол хөгжимчнөөр уригдан тасралтгүй 46 жил тууштай ажилласнаас сүүлийн 30 жилд нь чуулгын Ерөнхий удирдаачийн албыг хашсан байна. Эстрадын олон үеийнхэн дунд хүндлэгдсэн тэрбээр гитар хөгжмийг тоглох өөрийн өвөрмөц техникийг нэвтрүүлж, шинэ арга барилыг бий болгосон Монголын эстрад, жазз хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн байсан.

Тэрбээр 1990-ээд оны эхэн үед “Баянмонгол” чуулгыг дахин сэргээн байгуулж, “Хөх Монгол” олон улсын эстрадын дуучдын уралдаан, 1960-80-аад оны эстрадын ахмад дуучдын тоглолт, Монголын анхны жазз мюзикл “Moonlight serenade”, “Дэлхийн жазз ертөнц”, “Tropical jazz” зэрэг тоглолтуудыг зохион байгуулж, дэлхийн жазз хөгжмийн урын сангаас монголын үзэгчдэд толилуулсан байна.

Түүний удирдлага дор “Баянмонгол” чуулга нь олон улсын жазз хөгжмийн наадмуудаас Гранпри шагнал болон дэд байруудыг удаа дараа хүртэж, Монголын жазз найрал хөгжмийн түвшинг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Түүнчлэн “Дэлхийн цирк”, олон улсын циркийн “Найрамдал” тоглолт, Оросын “Мстислав Запашный”-н цирк, Монголын үндэсний циркийн хөгжмийг 20 гаруй жил удирдан тоглуулж, Эрдэнэт хотод симп-жазз оркестрыг үүсгэн байгуулж, Төмөр замын соёлын ордны урилгаар этник-жазз хамтлагийг байгуулж өгсөн байна.

Б.Ганбатын зохиосон 800 гаруй хөгжим, дууны бүтээл болон хөгжмийн найруулга дундаас жазз хөгжмийн урлагт шинэчлэл хийсэн гэж судлаачдын үздэг “Эгшиглэ, эгшиглэ гитар минь”, “Ангийн охин чамдаа”, “Хүлээлтийн дуу”, ”Захиа”, “Дэрэнгийн хар азарга” /этножазз/, “Хамаг Монгол” зэрэг дуунууд, “Жалам харын явдал” /фолк жазз/, “Дөрвөн настай халиун” /концерт хэлбэрийн жазз/, “Энхийн давлагаа” зэрэг хөгжмийн найруулга, бүтээлүүд багтдаг.

Б.Ганбат уран бүтээлээ туурвихын зэрэгцээ Соёл, урлагийн их сургуульд 20 гаруй жил багшилж олон авьяаслаг уран бүтээлч, рок попын оддыг урлагийн тайзнаа хөтөлсөн эрхэм багш нь байлаа.

Монголын эстрад, жазз урлагийн хөгжилд оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг нь төр засаг өндрөөр үнэлж, 1999 онд “Алтан гадас” одон, 2005 онд “Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол, 2019 онд “Монгол Улсын Төрийн соёрхол” цол тус тус хүртээсэн.

Талийгаачийн хөдөлмөр, бүтээлүүд нь Монголын эстрад, жазз хөгжмийн урлагийн түүхэнд тодоор бичигдэн үлдлээ.

Түүний авьяас, хөдөлмөрч, тууштай чанар, хүнлэг энэрэнгүй сэтгэл нь Монголын ард түмний зүрх сэтгэлд мөнхөд орших болно.

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх