Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид шинэ оны эхний 20 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүлэн ажиллаж байна. Уулын цул гаргалтын төлөвлөгөө 103.1 хувиар биелсэн бол хөрс хуулалтыг төлөвлөснөөс 24.13 мянган метр куб илүү гүйцэтгэж, төлөвлөгөөт үзүүлэлт 103.1 хувьд хүрчээ. Мөн хүдэр олборлолтын төлөвлөгөө 103 хувиар биелэв. Баяжуулагчид энэ хугацаанд 1724.1 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөө 102.6 хувиар биелсэн байна.
Хүдэр дэх зэс, молибдены агуулгын төлөвлөгөө 99.3-119.2 хувийн үзүүлэлттэй байгаа бол зэсийн металл авалт 101.5 хувиар, молибдены металл авалтын төлөвлөгөө 102.1 хувиар тус тус биеллээ. Харин баяжмал дахь зэс молибдены агуулга 101.9-102.9 хувиар биелсэн дүнтэй байна. Оны эхний хорь хоногт хуурай жингээр нийт 31586 тонн зэсийн баяжмал, 306 тонн молибдены баяжмал ачуулж, баяжмалын чанарын төлөвлөгөөг 101.9-102.9 хувиар тус тус биелүүллээ гэж Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.
М.Балжинням