Эрүүл мэндийн салбарын 2020 оны онцлох 20 ажил

2020 оны 12-р сарын 31 өдөр, 16 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
f3f0bfc469313b3b2f22011a2a0ac78f6e2341b1
2020 онд Эрүүл мэндийн салбар шинэ төрлийн Коронавирустэй нүүр тулж, хариу  арга хэмжээ авах, учирч болох эрсдэлийг хохирол багатай даван туулахын төлөө өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн Газар, ЭМЯ-аас эрүүл мэндийн салбарын суурь асуудлуудыг шийдвэрлэх тогтолцооны шинэчлэл хийх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн жил байлаа. Эрүүл мэндийн салбарын, ялангуяа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог сууриар нь өөрчлөх дараах алхмуудыг богино хугацаанд хийж хэрэгжүүлжээ. Үүнд:
НЭГ. Эрүүл мэндийн салбарт хууль, эрх зүйн шинэчлэл хийгдлээ

Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулан 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар батлууллаа. Эдгээр хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг улсын төсвийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэн нэг худалдан авагчийн тогтолцоог бий болголоо. ЭМДЕГ энэхүү нэгдсэн сангаас эрүүл мэндийн бүхий л тусламж, үйлчилгээг түүний тоо, төрөл, чанар, үр дүн, иргэдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байдал зэргийг үндэслэн санхүүжүүлэх юм. Өөрөөр хэлбэл чанартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага илүү санхүүжилт авах боломж бүрдлээ. Үнийг олон улсад стратегийн худалдан авалт гэж нэрлэдэг бөгөөд ард иргэдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах хамгийн оновчтой арга хэмээн үзэж дэлхий нийтээрээ энэ чиглэлд явж байна.

Нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэн хагас бие даасан байдлаар ажиллах боломжийг бүрэн нээж өглөө. Ингэснээр эрүүл мэндийн байгууллага өөрийн бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах замаар орлогоо нэмэгдүүлэх, улмаар эмч, ажилтныхаа цалин урамшууллыг ажлын гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Энэхүү хууль эрх зүйн шинэчлэл нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгож, эрүүл мэндийн байгууллага хөгжин дэвших, иргэд чанартай тусламж, үйлчилгээг төвөгдөл чирэгдэлгүй, санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломжийг нээж өгч байна.

ХОЁР. Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын “1800-0119” нэгдсэн төв ашиглалтад орсноор эмнэлэгт биеэр очиж цаг авах иргэд 86 хувиар буурчээ

Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөөний 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог, тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг хүндрэл, чирэгдэл түгээмэл байсан. Энэхүү хүндрэл, чирэгдлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 нэгдсэн төв”-ийг есдүгээр сард ашиглалтад орууллаа. Цаг захиалгын “1800-0119” нэгдсэн төв ашиглалтад орсноор эмнэлэгт биеэр очиж цаг авдаг очер дараалал сарын дотор 86 хувиар буурч, иргэд чирэгдэлгүй тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүллээ.
ГУРАВ. ИРГЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙГ БҮХ ЭМИЙН САНГААС, САРЫН БҮХИЙ Л ХУГАЦААНД ЧИРЭГДЭЛГҮЙ АВАХ ОРЧИН БҮРДЛЭЭ

Хөнгөлөлттэй эмийн санхүүжилт сар бүрийн эхний 2-3 өдөрт дуусаж, иргэд, ялангуяа ахмадууд, хөнгөлөлттэй  эм авахын тулд эдгээр өдрүүдэд өглөө эртлэн босож урт дараалалд зогсдог, даатгуулагч хөнгөлөлттэй эмээ авч чаддаггүй байсан үе саяхан. Дээрх багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 1-ээс эхлэн хөнгөлөлттэй эм олгох үйл явцыг дараах байдлаар шинэчилснээр дээрх асуудал бүрэн шийдэгдлээ.  Үүнд: 1) Иргэд-даатгуулагчид өөрт хамгийн ойр байгаа ЭМИЙН САНГААС эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг ХҮНДРЭЛ, ЧИРЭГДЭЛГҮЙ авах боломжийг бүрдүүлэхийн тулд хөнгөлөлттэй эм олгох эмийн сангийн тоог 900-гаас 1600 хүртэл нэмэгдүүллээ; 2) Хөнгөлөлттэй эмийн жорыг зөвхөн өрх сумын эмч, бичдэг байсан бол одоо бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч бичдэг боллоо. Ингэснээр иргэд нарийн мэргэжлийн бичсэн эмийг хөнгөлөлттэй авахын тулд өрх, сумын эмнэлэг рүү дахин явдаг чирэгдлийг арилгаж, өрх, сумын эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүллээ; 3) Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан оношлогоо, эмчилгээний удирдамжид суурилан шинэчилсэн бөгөөд 141 ерөнхий нэршлийн, 541 худалдааны нэрийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 70 хүртэлх хувиар хөнгөлж байна; 4) өвчтөнд тохирсон эмийг зөв тунгаар өгөх зорилгоор эмийн хоногийн болон нийт тунг цахим системд оруулан, ЭМДЕГ-аас тавих хяналтыг сайжрууллаа; 5) хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 2021 онд 2 дахин нэмэгдүүлэхээр батлууллаа.
ДӨРӨВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ, ЧИРЭГДЛИЙГ БУУРУУЛАХ БОДЛОГО ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжиж байна. Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, тусламж, үйлчилгээг  иргэдэд, ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд  ойртуулах, нас баралтын тэргүүлэх шалтгааныг бууруулах зорилгоор  дараах ажлыг хийлээ:
  • Хавдрын  мэс заслыг ХСҮТ-өөс гадна УХТЭ, БГД-ийн ЭМТ-д хийх боломжийг бүрдүүллээ. Ирэх онд бусад лавлагаа шатлалын болон орон нутгийн эмнэлгүүд хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлдэг болохын тулд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг бэлтгэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
  • Гэмтэл, ослын яаралтай түргэн тусламжийг ГССҮТ-өөс гадна УНТЭ, УХТЭ, ТТАХНЭ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, СХД-ийн шинэ эмнэлэгт үзүүлдэг боллоо. Цаашид хөдөө, орон нутаг, дүүргийн эмнэлгүүд гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болно. Ингэснээр нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон осол гэмтлээс үүдэлтэй нас баралтыг бууруулах чухал алхам болох юм.
  • Зүрх судас, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг зөвхөн УГТЭ биш, мөн  УНТЭ, УХТЭ үзүүлдэг болсон нь иргэд яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж нэмэгдэж, ингэснээр өвчний хүндрэл, нас баралтыг бууруулах боломж нэмэгдэнэ. Ирэх онд дүүргийн болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүд дээрх тусламж, үйлчилгээг үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
  • Урологийн тусламж, үйлчилгээг зөвхөн УНТЭ үзүүлдэг байсан бол одоо энэ чадавхи УХТЭ, УГТЭ, БГДЭМТ-д бүрдлээ. Ингэснээр иргэд оршин суугаа газраасаа тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй авдаг болж байгаа юм. Мөн орон нутагт урологийн мэргэшсэн эмч нарыг бэлтгэж, шинээр тасгуудыг нээн ажиллаж байна.
  • УНТЭ, УХТЭ,УГТЭ-үүд бүх төрлийн тусламж, үйлчилгээг ижил түвшинд үзүүлдэг болохоос гадна нийслэл, орон нутгийн иргэдийг газар зүйн байршлаар нь хуваан үйлчилж эхэллээ.
  • Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвөөс 9 дүүрэг, 21 аймагт мэргэшсэн эмч нарыг бэлтгэн сэтгэцийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг нэгжтэй болоод байна. Иргэд оршин суугаа газраасаа сэтгэл заслын бүх төрлийн тусламж, үйлчилгээг авах боломжтой боллоо.
  • Чих, хамар хоолойн мэс заслыг төрөлжсөн төв эмнэлгүүдээс гадна дүүргийн эмнэлгүүд хийж эхлээд байна.
ТАВ. ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЗҮЙН УДИРДАМЖИЙН “ПЛАТФОРМ”-ЫГ МОНГОЛ ЭМЧ НАР ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНДЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын бүхий л эмнэл зүйн удирдамжуудыг нэгтгэсэн “Up-To-Date” нэртэй цахим платформыг манай улсын бүх шатны эмч мэргэжилтнүүд үнэгүй ашиглах боломжийг бүрдүүллээ. Үүний үр дүнд энэхүү цахим платформд байх удирдамжийг эмч нар эмнэл зүйн шийдвэр гаргахдаа ашиглах, олон улсын сайн туршлагыг оношилгоо, эмчилгээндээ нэвтрүүлэх, эрүүл мэндийн байгууллага, эмч нарын оношилгоо, эмчилгээний арга барилын зөрүүтэй байдал буурах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжрах боломж бүрдэж байна.

Олон улсын эмнэлзүйн UpToDate платформыг Монгол эмч нар ашигласнаар онош зөрөх, эмчилгээний заалт иргэдэд ойлгомжгүй байх зэрэг бүх асуудал үүсэхгүй нэгдсэн нэг хэл, стандартад орно. Олон улсад хийгдэж буй судалгаа, шинжилгээ, шинэ аргачлалыг цаг алдалгүй цахимаар авдаг болно. Эмнэлзүйн хэмжилт болон эмийн харилцан үйлчлэлийг тооцоолох боломжтой болно. Өндөр хөгжилтэй, хүчирхэг эрүүл мэндийн салбартай улс орны эмнэл зүйн удирдамжийг судалж, ашиглах боломжтой. Түүнчлэн Монголын эрүүл мэндийн салбарт төдийгүй иргэдэд маш том дэвшлийг авчрах юм.

ЗУРГАА. МАНАЙ УЛСЫН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАДАМЖ НЭГ ШАТ АХИЛАА

Шинэ Коронавирусын халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг Эрүүл Мэндийн Яамны  захиалгаар УОК-ын санхүүжилтээр УНТЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт суурилуулан хэрэглээнд нэвтрүүллээ. Өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нэг ч энэ төрлийн аппарат байхгүй байсан бол одоо эрчимт эмчилгээний чадамжийг бодитоор сайжруулж, нэг шат ахилаа.

Шинээр нэвтрүүлж буй уушги, зүрх орлуулагч ECMO аппаратаар хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүйгээр уушгины үйл ажиллагааг сэргээх боломжтой болгож байна. Цаашид манай улсад зүрхний өвчтөнийг мэс засалд бэлдэх, тоног төхөөрөмж хүлээгдэж буй үед тухайн өвчтөнийг хүчилтөрөгчөөр хангаж, зүрхний үйл ажиллагааг дэмжих боломжууд бий боллоо.

ДОЛОО. ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР БАЙГУУЛАГДЛАА

Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгууллаа. Сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2,500 орчим байгууллага, эмийн сан байгуулагджээ. Гэтэл эмийн зөв хэрэглээ, чанар, үнийн нэгдсэн зохицуулалт байхгүй ирсний улмаас иргэд чанартай эмийг хямд үнээр авах, зүй зохистой хэрэглэх байдал олон улсын түвшнээс хол хоцорчээ. Тиймээс Засгийн газраас эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулахыг дэмжиж, эмийн чанар, хүртээмж, үнийн зохицуулалт хийх гол системийг бий болгож өглөө.
НАЙМ. ДҮРС ОНОШИЛГОО АРХИВЛАН, ХАДГАЛАХ PACS СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр дүрс оношилгоо архивлан хадгалах  PACS системийг өнгөрсөн есдүгээр сард нэвтрүүллээ.  Өнөөдрийн байдлаар УНТЭ, УГТЭ, ГССҮТ, Увс болон Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт тус системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

PACS системийн тусламжтайгаар дүрс оношилгооны рентген, Компьютер томографи, Эхо гэх мэт дүрс мэдээ боловсруулдаг оношилгооны аппаратаар авсан зургийг анхан шатны эмнэлгээс лавлагаа шатлалын эмнэлэгт өндөр хурдны сүлжээгээр дүрсийг чанартайгаар дамжуулан оношилгоо, эмчилгээнд ашиглана.
Ингэснээр өвчтөн болон эмч хаана байхаас үл хамааран мэргэшсэн эмчийн үйлчилгээг авах боломж нээгдлээ.
Төвлөрсөн PACS-г нэвтрүүлснээр:

  • Цаг хугацаа хэмнэх
  • Хот хөдөөгийн ялгаа арилна
  • Илүү зардал, чирэгдэл багасна
  • Мэргэшсэн эмчийн онош хүртээмж ихэснэ
  • Давхардсан шинжилгээ цөөрч, цацрагийн дозе авалт багасна
  • Өвчтөний мэдээллийг найдвартай удаан хугацаагаар хадгалах боломж үүснэ
  • Эрүүл мэндийн даатгал үр дүнтэй болно
  • Эрүүл мэндийн системийн нэг тулгуур болно
  • Эмч нар мэдээлэлд илүү ойртож, мэргэших болно.
  • Монгол хүний удамшил, өвчлөлийн мэдээллийн сан үүснэ
ЕС. БИ-ПЛАН АНГИОГРАФИЙН АППАРАТААР МЭДРЭЛ, ЗҮРХНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭГ ИЛҮҮ НАРИЙН ТҮВШИНД ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

УНТЭ нь Улсын Гуравдугаар төв эмнэлгийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулах үүднээс зүрхний шигдээсийн нэгж, мэдрэлийн тасагтай болсон. Энэ хүрээнд эмчилгээ үйлчилгээгээ улам өргөжүүлэн ЭМЯ-ны санхүүжилтээр Монголд анх удаа Би-План ангиографийн шинэ загварын тоног төхөөрөмжийг эмчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна. Би-План ангиографийн шинэ загварын аппаратыг ашиглах болсноор мэдрэлийн болон зүрхний оношилгоо эмчилгээг илүү нарийн түвшинд хийдэг болсон.

Манай улсад 2013 он хүртэл зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээ үзүүлдэг албан ёсны нэгж байгаагүй. Зүрхний булчинг цусаар хангадаг судас бөглөрсөн тохиолдолд амь насанд аюултай хүндрэлүүд гардаг учраас нас баралт өндөр хувьтай байдаг. Тиймээс энэ төрлийн тусламж үйлчилгээг эхний ээлжид нэвтрүүлэх зорилгоор УГТЭ дээр Зүрхний шигдээсийн тасгийг байгуулж байсан. Жилдээ 1,800-2,000 орчим өвчтөн тус тасгаар үйлчлүүлдэг.
2019 оны нэгдүгээр сараас энэ төрлийн тусламж үйлчилгээг төвлөрөх ёсгүй, яаралтай үзүүлэх шаардлагатай гэж үзээд УНТЭ-ээс гадна Хоёрдугаар төв эмнэлэгт мөн Зүрхний шигдээсийн тасгийг байгуулсан. Зүрхний шигдээсийн үеийн тусламж үйлчилгээ нь ангиографийн аппараттай салшгүй холбоотой юм.
ЭМЯ-аас ирэх оны эхний хагаст багтаан бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд энэ төрлийн аппаратыг байрлуулахаар хүний нөөцөө сургаад, бэлтгээд явж байна.

АРАВ. Иргэдээ жилд тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт ордог болгох “Эрүүл мэндийг дэмжих төв”-үүдийг дүүрэг, орон нутагт байгуулж байна

Монгол Улсын Засгийн газраас ард, иргэдээ жилд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг УХТЭ, УНТЭ, СХД-ийн ЭМТ, Өвөрхангай аймгийн БОЭТ, Баянзүрх дүүргийн ЭМТ-д тус тус байгууллаа. Ирэх онд дүүрэг, орон нутгуудад байгуулахаар төлөвлөгөөнд тусгагдан, бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Эрүүл мэндийг дэмжих төвд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мэдээ, мэдээлэл, сурталчилгаа явуулахаас гадна хувь хүн, хамт олныг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд цогцоор нь хамруулж байна. Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд иргэд тохилог орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчлүүлэх боломж ийнхүү нэмэгдсээр байгаа билээ.

11. Яармагийн 300 ортой, СХД-ийн 100 ортой жишиг эмнэлгүүдийг ашиглалтад оруулав

Сонгинохайрхан дүүрэгт  100 ортой  жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус эмнэлэг үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх хүчин чадалтай юм. Эмнэлэг ашиглалтад орсноор 157 мянган иргэн дэлхийн стандартад нийцсэн тав тухтай орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжтой болно.  Мөн коронавирусний халдварын тархалтын энэ үед тус эмнэлэг нь 100 орны хүчин чадалтайгаар тусгаарлах чиглэлээр бэлэн байдалд үйл ажиллагаа явуулна.  Тус эмнэлэг нь олон улсын стандартын дагуу үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үзүүлэх, тав тухтай аюулгүй байдлыг хангасан эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт бүхий агаар сэлгэлтийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлчлүүлэгч, эмч ажилтан албан хаагчдын тав тухтай байдлыг хангасан орчин үеийн технологийн шинэчлэлтэд үндэслэсэн цогц эмнэлэг болж байна.

Ковид-19 халдварын үед бэлэн байдлыг хангах чиглэлээр Яармагийн 300 ортой эмнэлгийг тусгаарлалтын чиглэлээр энэ сарын 01-ээс эхлэн ажлуулж эхлээд байна. Бэлтгэл ажлын хүрээнд 500 ор дэлгэн ажиллаж байна. Засгийн газар, ЭМЯ-аас тус эмнэлгийг ашиглалтад оруулах, тохижилт, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг бүх талын санхүүжилтийг шийдвэрлэсэн юм.

12. УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ДЭРГЭДЭХ 50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой хүүхдийн эмнэлгийг шинээр барьж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад орууллаа. УХТЭ нь энэ жил Баянзүрх дүүргийн болон Зүүн аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлдэг болсон зэрэг маш олон өөрчлөлтүүд гарч байна. Үүний нэг тод жишээ нь шинээр ашиглалтад орж буй 50 ортой хүүхдийн эмнэлэг боллоо.
13. Монголд анх удаа хавдрыг өндөр түвшинд оношлох ПЭТ-ЦТ ашиглалтад орж байна

Монголд анх удаа PET-CT технологийг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт нэвтрүүлж, тусгай цөмийн тоног төхөөрөмжөөр хавдрыг оношилдог болгож байна. Өмнө манай иргэд гадагшаа явж энэ аппаратад үзүүлдэг байсан бол одоо Монголдоо үзүүлэх боломжтой болж байгаа юм. Энэ тоног төхөөрөмж, технологи нь хавдрын мэс засалд орсон иргэдийг үсэрхийлсэн эсэх, давтан оношилгоо хийхэд маш том дэмжлэг болж байна.
Хорт хавдрын уламжлалт оношилгоо, эмчилгээний менежментийг 30 хүртэл хувь өөрчилдөг ПЭТ-КТ технологийг нэвтрүүлэхийн тулд циклотроны үйлдвэрийг цуг барьдаг. Цөмийн онош зүйн тасагт ашиглах эдгээр болон бусад тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн гадны инженерүүд угсарч байна. Циклотроны үйлдвэрийг аравдугаар сард ашиглалтад оруулчихвал иргэд хавдрын нарийн оношилгоо, эмчилгээ хийлгэх гэж гадаад руу явах шаардлагагүй болно. Цаашид энэ үйлдвэрийг түшиглэн цѳмийн эмчилгээний шинэ нэр төрлийг Монгол Улсад нэвтрүүлэх бүрэн боломжтой болно.
14. Эрүүл мэндийн сайд өнгөрсөн 5 сарын хугацаанд 12 аймагт ажиллаж, тусламж, үйлчилгээний санхүүжилтийг шийдвэрлэв

Эрүүл мэндийн сайд ажлаа аваад таван сарын хугацаанд Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод, Замын-Үүд, Сүхбаатар, Хэнтий, Орхон аймгуудад ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх цогц ажлуудыг эхлүүллээ. Энэ хүрээнд мэс заслын тасгуудын багаж, тоног төхөөрөмжийг сайжруулах, түргэн тусламжийн үйлчилгээг чадвахжуулах, үндэсний хэмжээний эмч, сувилагч нарын багийг бэлдэж, тухайн бүс нутгийн эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургах, чадавхжуулах, үе шаттай ажлуудыг хийж эхлээд байна. Төрөлжсөн эмнэлгүүдэд хийдэг мэс заслуудыг дүүрэг, орон нутагт хийх бэлтгэл ажлууд хийгдэж эхэллээ. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг төрөлжсөн төв эмнэлгүүдэд дадлагажуулах, сургах хугацаат ажлууд хийгдэж байна.
15. 7 ЭМНЭЛЭГТ ШИНЭЭР ТӨВЛӨРСӨН АРИУТГАЛЫН НЭГДСЭН ТАСГИЙГ БАЙГУУЛЖ,  АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

ЭМСХХ-5 төслийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Дорнод аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын  их засвар, 14 нэр төрлийн 19 ширхэг 844,5 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжийг  тус бүр хүлээлгэн өгч,  орчин үеийн стандартад хангасан ариутгалын нэгдсэн тасгийг  ашиглалтад орууллаа. Шинээр Архангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд ариутгалын тасгийн барилгын ажлыг гүйцэтгэж байна.
16. ГССҮТ-т НЭГ ӨРӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЕВРОП СТАНДАРТЫН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙГ БАЙГУУЛЛАА

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв нь Монголдоо анх удаа нэг өрөөний зохион байгуулалттай Европын стандартын эрчимт эмчилгээний тасгийг байгууллаа. Европ стандартын гол зорилго нь нэг үйлчлүүлэгчид нэг өрөө, нэг эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэгддэг онцлогтой. Ингэснээр дотоод халдвар тархах эрсдэлийг бууруулж, эмч, сувилагч нар үйлчлүүлэгчтэйгээ тулж ажиллах боломж нэмэгдэж байна.
17. УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ MRI АППАРАТЫГ ЗАСВАРЛАН, АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

ЭМЯ-ны 2016 онд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ” төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлэгдсэн. Уг аппаратад “Helium” бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, 3 удаагийн  засвар үйлчилгээ хийгдэж, нийт 7 сарын хугацаанд ашиглагдсан байна.  Харин нэг гэмтэл давтан гарч байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны удирдлагуудын хамтарсан баг төслийг хэрэгжүүлэгч “Вамед инженеринг” компанид удаа дараа хүсэлт гаргаж, аппаратын толгой буюу үндсэн хэсгийг цогцоор нь солиулах зөвшилцөлд хүрснээр дэвшилтэт технологийг улсын эмнэлэгт ашиглах боломжтой боллоо.

Энэхүү өндөр хүчин чадал бүхий MRI аппарат ашиглалтад орсноор ард иргэдэд хүргэх мэдрэл, яс тулгуур эрхтэн, хэвлий болон бага аарцгийн хөндийн  эрхтнүүдийн оношилгооны ач холбогдол, чанар, хүртээмж сайжрах юм.

18. ЭХЭМҮТ-ийн тохижуулсан “Амьсгалын Эрхтний Эмгэг судлалын тасаг”-н хүчин чадлыг нэмж, агааржуулалтын системийг бүрэн шинэчиллээ

ЭМЯ-ны санхүүжилтээр хүчин чадлыг нь нэмж, тохижуулсан “Амьсгалын Эрхтний Эмгэг судлалын тасаг”-н 40 ортой байсныг 80 ортой болгон өргөжүүлж, агааржуулалтын системийг нь бүрэн шинэчлэн зассан юм. Ингэснээр амьсгалын замын өвчин эмгэгийг эмчлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард Эрүүл мэндийн сайд ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ тус тасгийг өргөжүүлэх, агааржуулалтын системийг шинэчлэх санхүүжилтийг шийдвэрлэхээр болж, ийнхүү үйл ажиллагаагаа өргөжин, хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байна.
19. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ШИНЭ БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт Өрхийн эрүүл мэндийн гурван төвийн,  Говь-Алтай аймгийн Халиун, Шарга сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр ашиглалтад оруулж үйл ажиллагааг эхлүүллээ. Мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Түнхэл тосгон, Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн барилгууд, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгууд тус тус ашиглалтад оруулаад байна.
20. ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СОЛИЛЦОХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ хөтөлбөр хэрэгжиж байна
Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлаас нь хөндийрүүлэхгүйгээр эмнэл зүйн сургалтад хамруулах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад тусламж, үйлчилгээний шинэ технологи, арга барил, туршлагыг нэвтрүүлэх, орон нутагт төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдийг солилцох арга хэмжээг хэрэгжүүлж эхлэв.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Төрөлжсөн төв эмнэлгүүдийн чадварлаг эмч, мэргэжилтнүүдийг дүүрэг, хөдөө, орон нутагт тодорхой хугацаанд ажлуулан тухайн эмнэлгийнхээ багийг сургах, чадвахжуулах, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах системтэй ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг үндэсний лавлагаа эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүд дүүргийн эмнэлгүүдэд болон Говьсүмбэр, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад хавдар, мэс засал, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, сэтгэцийн эмгэг судлал, гэмтэл, согог судлалын чиглэлээр богино хугацаагаар ажиллаж, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг сургахын зэрэгцээ иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх