Мэндчилгээ

2020 оны 12-р сарын 31 өдөр, 13 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
134626140_4052732414737334_8768809287482232475_o

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид, хамт олон Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье!

Коронавирусын цар тахлын улмаас Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед, манай хамт олон 2020 оны үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүлж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байна.

“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны 224 дүгээр тогтоолоор дэмжиж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар баталсан.

Батлагдсан үндсэн чиглэлийг тав таван жилээр төлөвлөн жил бүрийн бизнес төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулалтыг 2019-2020 онд үндсэн чиглэлд тусгасан техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх, томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд чиглүүлэн ажиллалаа.

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил” болгох зорилт дэвшүүлсэн.

Бид 2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсөвт НЭГ ИХ НАЯД төгрөгийг давсан орлогыг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргаж, хамгийн их үндэсний баялаг бүтээсэн жил болж байна.

Бид 2017 оноос хойш геологи хайгуулын ажилд нийтдээ 27 орчим сая ам.доллар зарцуулсны үр дүнд ордын гүний хэсэгт хүдрийн нөөцийг нэмэгдүүлж, стратегийн ордын талбайн хүрээнд хэтийн төлөв бүхий хэд хэдэн талбайг нарийвчлан тогтоогоод байна. Түүнчлэн Эрдэнэтийн-Овоо ордын геологийн нөөцийг олон улсын ЖОРК стандартын дагуу баталгаажуулах ажлыг дуусгалаа. Энэ нь цаашид хэрэгжүүлэх томоохон төслүүдийн үндэслэл болохын зэрэгцээ үйлдвэрийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах баталгааг хангах юм. Эдгээр ажлуудын үр дүнд өнөөгийн хүчин чадлаар тооцоход Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг наанадаж 30-аад жилээр нэмэгдүүлж, цаашид 70 гаруй жил ажиллах боломжийг бүрдүүлж байна.

Монголын уурхайчдын баярыг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2020 оны “Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж”-ээр батламжилсанд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон гүнээ талархаж байна.

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон бид өнөөдрийнхөө амжилт, үр дүнгээр ирээдүйнхээ хөгжлийн баталгааг бий болгож, 2021 оныг амжилт дүүрэн угтаж байна. Энэ амжилтыг гаргахад хичээн зүтгэсэн баялаг бүтээгч уурхайчдадаа талархал илэрхийлье.

Коронавирусын цар тархлын улмаас Монгол Улсын хэмжээнд төдийгүй дэлхийн дахинд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, олон бизнес, үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаа хумигдаж, сул зогсолт үүсч, цалин хөлсөө хязгаарлаж байна. Энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон хамтын хүчээр давахыг зорьж байна.

Эрдэнэт үйлдвэрийн удирдлага цар тахлаас уурхайчдаа, уурхайчин гэр бүлээ хамгаалах, хорио цээрийн дэглэмийг сахиж ажиллах, эдийн засгийн хямралыг эрсдэл, хохирол багатай даван туулахын төлөө Штабын зохион байгуулалтаар шуурхай ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн хэмжээнд цар тахлын улмаас нийгмийн чиглэлийн зарим цехийн үйл ажиллагаа хязгаарлагдсан хэдий ч нэг ч ажилтныг сул зогсолтод оруулалгүй, ажил үүргийн зохицуулалтыг хийж, цалин хөлсийг бүрэн олгож байна.

Сүүлийн 4 жилд буюу 2017-2020 онд ажилтан, ажилчдынхаа цалин хөлсийг 55 хувь нэмлээ.

Улс орны хэмжээнд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буй энэ цаг үед улсын төсвийн ачааны аравны нэгийг үүрэлцдэг Та бидний хувьд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага улам бүр нэмэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газар цар тахлын энэ хүнд цаг үед ард түмэндээ газрын хэвлийн баялгийн үр шимийг хүртээж, айл өрх бүрийн аж амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн түүхэн шийдвэр гарган Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олонд өндөр итгэл хүлээлгэлээ.

Бид энэхүү итгэлийг дааж, 2021 оны төлөвлөгөөт зорилт, улс, орон нутгийн төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн Засгийн газрын түүхэн шийдвэрийг нэр төртэйгөөр хэрэгжүүлэх болно.

2021 онд Эрдэнэт үйлдвэрт их бүтээн байгуулалт үргэлжилсээр байх болно. Улс орондоо үндэсний баялгийг бүтээж буй Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид бид өнөөдрийн амжилтаа ахиулахын төлөө, маргаашийн хөгжил дэвшлийг түүчээлэхийн төлөө хичээн ажиллаж байна.

Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн уурхайчиддаа, тэдний гэр бүлд, Эрдэнэт хотын ард иргэддээ эрүүл энхийг хүсч, ирж буй 2021 ондоо амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал,

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,

Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)

Х.БАДАМСҮРЭН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх