Төрийн Соёрхолт, МУУГЗ Б.Ганбатын амь насыг аврах хандивын аянд нэгдэцгээе!

2020 оны 12-р сарын 10 өдөр, 16 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
130689703_1343575852658828_6046386429477093889_o

Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баянмонгол” чуулгын Ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, СУИС-ийн хүндэт профессор Бадамдоржийн Ганбат нь хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь хүнд байна.

МУУГЗ Б.Ганбат нь Монголын эстрад, джаз хөгжмийн урлагийг хөгжүүлэхийн төлөө гоцлол гитарчнаас эхлээд ерөнхий удирдаач хүртэл 46 жил зүтгэхдээ дан хөгжим, дууны бүтээл болон хөгжмийн найруулга гээд 800 гаруй бүтээл туурвижээ. Түүний зохиосон “ Эгшиглэ, эгшиглэ гитар минь”, “Ангийн охин чамдаа”, Хүлээлтийн дуу”,” Захиа”, “Дэрэнгийн хар азарга”/ этноджаз/, “Хамаг Монгол” зэрэг дуунуудаас гадна “Жалам харын явдал”/ фолк джаз/, “Дөрвөн настай халиун”/ концерт хэлбэрийн джаз/, “Энхийн давалгаа” гэсэн хөгжмийн найруулга, бүтээлүүд нь джаз хөгжмийн урын санг баяжуулсан байдаг. Тэрээр Багшийн сургуулийн хөгжмийн ангид Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг нартай нэгэн үеийн оюутнууд байсан төдийгүй тэд хамтдаа Монголын анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж, урлагийн замналаа эхэлж байжээ.

Багшийн сургуулиа төгсөөд Барилгачдын соёлын ордонд хуваарилагдан хөгжимчин, багшаар ажиллаж байгаад 1974 оны 9-р сарын 20-ны өдөр Улсын Филармонийн урилгаар “Баянмонгол” чуулгад гоцлол хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн байна. Энэ л үеэс гитарын гоцлолын өвөрмөц техник / дээд барилаас тоглох/ -ийг харуулж, өөрийн гэсэн школыг бий болгосон төдийгүй эстрадын алтан үеийнхэн дундаа “Жалам хар” гэж нэрлэгдэх болжээ. Өөрийн авъяас билгээ залуу үедээ уламжлуулах үүднээс 1973 оноос эхлэн гитарын сургалт явуулж, олон зуун шавь төрүүлснээс хамгийн ахмад нь “Харанга”-ын Ц.Энхманлай бол хамгийн залуу нь “Баянмонгол”-ын Э. Хосбаяр юм.

131048448_1343931135956633_702052333816986864_n

Сүүлийн 30 жилд нь хөгжмийн удирдаачаар мэргэшин ажиллахдаа зах зээлийн хүнд үед “Баянмонгол” чуулгаа дахин сэргээн босгож, олон улсын эстрадын дуучдын уралдаан, 1960-80-аад оны эстрадын ахмад дуучдын тоглолт зэргийг олонтаа зохион байгуулжээ. Монголын анхны джаз мюзикл болох “Moonlight serenade”, “ Дэлхийн джаз ертөнц”, “Tropical jazz” гэх зэрэг тоглолтуудыг зохион байгуулж, дэлхийн джаз хөгжмийн урын сангаас монголын үзэгчиддээ толилуулсан байна. Түүний удирдлага дор Баянмонгол чуулга нь олон улсын джаз хөгжмийн наадмуудаас гранпри шагнал болон дэд байруудыг удаа дараа хүртэж, Монголын джаз найрал хөгжмийн түвшинг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

Түүнчлэн Дэлхийн цирк, Олон улсын циркийн “Найрамдал” тоглолт, Оросын Запашнын цирк, Монголын үндэсний циркийн хөтөлбөрүүдийг сүүлийн 20 гаруй жил удирдан тоглуулсан, мөн Эрдэнэт хотод симп-джаз оркестрыг байгуулж өгсөн бол Төмөр замын соёлын ордны урилгаар этник-джаз хамтлагийг байгуулж тусалсан байна.

Үүний зэрэгцээ СУИС-д олон жил багшлахдаа авъяаслаг уран бүтээлчид, рок попын оддыг урлагийн тайзнаа хөтөлсөн. Түүний шавь нар нь эдүгээ монголын эстрадын урлагт ид гялалзаж яваа дуучид, хөгжимчид гэдгийг нэрлэж баршгүй.

Дөнгөж өнгөрсөн жил Баянмонгол чуулгынхаа 50 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн тэрээр хорт хавдартай гэдгээ хожуу мэдсэн байна. Түүний эмчилгээ нь удаан хугацаанд өндөр өртөгтэй үргэлжилж байгаа учраас санхүүгийн дэмжлэг нэн шаардлагатай болоод байна. Эрхэм удирдаач, багш, авъяаслаг уран бүтээлчийнхээ амь насыг аврахын төлөө Монголын урлаг, соёлынхноос эхлээд урлагт хайртай хүн бүхэн сэтгэлийн хандив өргөж эхлээд байна.

Та ч бас энэхүү аянд нэгдэж, сэтгэлийн хандиваа өргөөрэй. Сайн үйлс бүхэн дэлгэрч, Монгол хүн бүр эрүүл энх байг.

Хандивын данс:

Хаан банк: Бадамдоржийн Ганбат 5007039592

Голомт банк: Бадамдоржийн Ганбат 3405110803

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх