Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.
“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр “Өчигдөр Төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 мянга, 956 хүнээс 15 мянга, 859 хүн хамрагдсан. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар 97 хүн хамрагдаагүй байна.
Замын хэмжээнд нийт 1716 ажлын байр, 72791 м2 ажлын байр, 268 ачаа, сэлгээний зүтгүүр, гэрээт байгууллагын 52 галт тэрэг, 5615 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Томоохон өртөөдөд бичиг баримт халдваргүйжүүлэх кварцын гэрлээр шардаг аппарат ашиглаж байна.
Шуурхай бүлгээс өгсөн 83 үүрэг, даалгавраас 74 нь 100 хувийн биелэлттэй, ес нь удаашралтай байна.
Төмөр замын хэмжээнд 3621 хүнд 71 сая төгрөгийн витаминжуулалт хийсэн бөгөөд энэ ажлыг үргэлжлүүлнэ. Одоо зүтгүүрийн бригад, оюутнууд болон Булагтайд байгаа ахмадуудын шинжилгээнд зориулж 2000 түргэвчилсэн оношлуур хэрэгтэй байгаа юм” хэмээн танилцууллаа.
Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
-Анхаарлын төвд байгаа Чойр, Айраг зангилаанд Мэргэжлийн хяналтын газартай зөвшилцөн хамгаалалт, хяналтыг өндөрсгөх, үлдсэн долоон хүнийг шинжилгээнд яаралтай хамруулах,
-Вагонд байрлаж байсан машинч нарыг зочид буудал руу шилжүүлж байгаатай холбогдуулан вагонуудаа татаж авах, вагоны дотор ариутгал хийх, вагонд ажиллаж байсан үйлчлэгч нарыг халдваргүйжүүлэх, шинжилгээ авах асуудлыг УБТЗ-ын удирдлага шийдвэрлэх,
-Нийслэлийн Баянгол болон бусад дүүргүүдэд “нэг өрхөөс нэг хүн”-ийг шинжилгээнд оруулж байгаа асуудалд байгууллагуудынхаа хүний нөөцийн ажилтнуудад чиглэл өгч, судалгаа хийлгэж шинжилгээ өгүүлэх ажлыг түргэвчлүүлэх,
-Цаг агаар хүйтэрч байгаа энэ үед гадаа ажиллаж байгаа, сэлгээний бригад, ачаа бараа хүлээлцэгчид, туслах жижүүр, холбооныхон гэм зэрэг ажилчдадаа анхаар хандуулж, халуун цай, буцалгасан чацаргана, дархлаа сайжруулах бэлдмэлээр тодорхой цагт тогтмол үйлчлэх арга хэмжээ авах,
-Тээшээр эрсэлтэй бүсүүд рүү ачаа бараа тээвэрлэж байгаа ачаа хүргэгч нарт онцгой анхаарч, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн албаныхан зааварчилгаа зөвлөгөө тогтмол өгч ажиллах,
-ОХУ-аас ирж байгаа улаан буудайн буулгалт дээр үүсэх хүндрэл бэрхшээлийг нарийн тооцож, ачаа хүлээн авагч нартай эртнээс ярьж хөөрч, бэлтгэл ажлыг хангуулах,
-Амгалангийн ДЦС-ийн нүүрс нөөцлөлтөд анхаарч, уурхайнуудтай ярьж, нүүрсний ачилт буулгалтыг хурдан шуурхай зохицуулах,
-Бичиг баримт, ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээний хариу яаж гарсан талаар танилцуулах, төмөр замын удирдлага шуурхайлах тал дээр анхаарах,
-Удирдах газрын эмчийг ээлжээр ажиллуулахад, эм тарианы сэлбэлт хийхэд төв эмнэлэг онцгой анхаарах зэрэг үүрэг, чиглэл өглөө.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ