Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргажээ. Үүний нэг бол зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг дэмжиж, УИХ-д өргөн барихаар болсон байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Өнгөрсөн дөрөвдүгээр сард Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах шаардлагатай хүнсний болон бусад нөөцөд байх бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, түүний санхүүжилт шийдвэрлэхээр болсон. Энэ дагуу гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох бүх төрлийн хүнсний будаа, цагаан, гурвалжин, шар будаа болон ургамлын тосыг Гааль, НӨАТ-аас чөлөөлж байгаа. Мал аж ахуй, өвөлжилтийг хүндрэлгүй давахын тулд шаардагдах өвс, тэжээл, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг мөн Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн үзэл баримтлалыг боловсруулан Засгийн газраар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо” гэсэн юм.