Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Дугуйн өдөр-2020” боллоо

2020 оны 10-р сарын 31 өдөр, 20 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
NIZU8902_20201031014148

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлыг хэрэгжүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах, дугуйн спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйн өдөр”-ийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Дугуйн парад, уулын дугуйн бага насны хүүхдийн тэмцээн, өсвөр нас, сонирхогчид гэх мэт дугуйн гурван төрлийн тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монголын Дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, нийслэлийн Засаг даргын Инноваци, технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Спорт хорооны дарга Ж.Ганболд, Монголын Дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү болон дугуй сонирхогч, тамирчид оролцлоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Инноваци, технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр хэлэхдээ “Өнөөдрийн үйл ажиллагаанд дугуйн гурван төрлийн тэмцээнд 300 гаруй дугуйчид оролцож байна. Иргэдэд дугуйн спортыг сурталчилж, эрүүл мэнддээ анхаарч, дугуйгаар хичээллэхийн ач холбогдлыг дугуйчид та бүхэн таниулж өгч байгаад талархаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дугуйчдыг дэмждэг учир жил бүр зохион байгуулагддаг “Дугуйн өдөр” цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Монголын Дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү “Монголын дугуйн спорт сүүлийн жилүүдэд хөгжиж байгаагийн шалтгаан нь Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс уулын зам, Налайхын замд маш олон дугуйн замыг тавьсан. Цаашид ч автозамыг дагасан дугуйн замыг тавихаар байгаа. Нийслэлийн шинэ удирдлагуудын зүгээс ч дугуйн спортыг дэмжиж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. УИХ-д ч мөн дугуйн спортоор хичээллэдэг, дэмждэг лобби бүлэг болох хэмжээний гишүүд байгаа учир цаашид дугуйчдын ая тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэж бодож байна” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх