Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
Маргааш өдөр нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
2020 оны 10 дугаар сарын 18–ны 20 цагаас 10 дугаар сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.