Эмгэнэл

2020 оны 10-р сарын 07 өдөр, 13 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
120711013_1788862437934657_2277909934700284776_o

                                                              Надмидын Мягмар
(1943-2020)
Тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Гавьяат жүжигчин, Хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлч, Соёл урлагийн их сургуулийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч, Надмидын Мягмар 2020 оны 10-р сарын 04-ний өдөр өвчний улмаас таалал төгсч, хүнд гарз тохиолоо.
Монгол улсын гавьяат жүжигчин Надмидын Мягмар нь 1943 онд Улаанбаатар хотод төржээ. Н.Мягмар нь 1959-1963 онд Улсын багшийн дээд сургуулийн кино-драмын жүжигчний ангид суралцаж төгссөн Монголын дээд боловсролтой анхны жүжигчдийн нэг юм. Тэрбээр 1963 оноос 1987 онд Улсын хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллахдаа В.Панова “Гэнэн залуу нас” жүжгийн Нина, А.Фадеев “Залуу гварди” Люба Щевцова, Ш.Шажинбат “Улаан тэмдэг” жүжгийн Мягмар, М.Байджиев “Сэтгэлд харвасан туяа” жүжгийн Нази, Б.Васильев “Үүрэг хүлээсэн цагт” жүжгийн Четвертак, Ч.Нацагдорж “Миний чин зоригт бяцхан найз” жүжгийн Туулай, А.Гайдар “Кибальчиш хүү” жүжгийн Кибальчиш, Д.Намдаг “Зөгнөл” жүжгийн Төмөр, А.Линдгрен “Карслон, Жаалхүү хоёр” жүжгийн Сванте Свантесон, Д.Батбаярын “Гэгээ” жүжгийн Жавзан, Жасрай зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний, хүүхдийн жүжгийн 40 гаруй дүрийг чадварлаг бүтээсэн нэрт жүжигчин юм.
Түүний тайзнаа бүтээсэн дүрүүдийн дийлэнх хувь нь хүүхдийн дүр байсан бөгөөд байгалиас өгөгдсөн авьяас, төрмөл шинж, өвөрмөц дуу хоолой нь “хүүхдийн дүрд гаршсан жүжигчин” хэмээх тодорхойлолтыг мэргэжил нэгт нөхөд, театр судлаачдаас хүртэхэд хүргэсэн нь дамжиггүй. Тэрээр хүүхдийн дүрд гаршсан жүжигчний зэрэгцээ зан араншингийн эрс хувиралт өөрчлөлт шаардсан, жүжигт чимэг шигтгээ болдог туслах чанарын дүрүүдийг гаргууд илэрхийлдэг байсны нэгэн жишээ бол Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Архичин эмэгтэй дүрээр 1989 онд Соёлын яамны шилдэг дүрийн шагнал хүртсэн явдал юм. Н.Мягмар нь Улсын хүүхэд залуучуудын театрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон арван шилдэг дүрийг тайзнаа бүтээсний учир театр байгуулагдсаны 30 жилийн ойгоор 1980 онд УГЖ цолоор шагнагдсан юм. Тэрээр тайзны дүрийн шилдэг мастер байгаад зогсоогүй дэлгэцийн урлагт хүчээ сорьж, Р.Дорждаламын “Энэ хүүхнүүд үү”, “Сэтгэлийн дуудлагаар”, Н.Нямдаваагийн “Туяагийн бичээгүй захидал”, Л.Нацагнямын “Бор чоно” зэрэг арав гаруй киноны гол болон туслах дүрүүдийг бүтээсэн юм.
Н.Мягмар нь 1987 оноос Улсын багшийн дээд сургуулийн кино-драмын анги, 1990 оноос Соёл урлагийн их сургуульд тайзны хэл ярианы багшаар ажиллаж, жүжигчин бэлтгэх сургалтын арга зүй, хөтөлбөр боловсруулалцаж, Монгол ардын аман зохиолыг тайзны ярианы хөтөлбөрт оруулахад биечлэн зүтгэж ирсэн юм. Түүний гардан сургаж төгсгөсөн УГЖ Ж.Оюундарь, Д.Хүрэлхүү, С.Өлзийхүү, Л.Дэмидбаатар, Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай, СТА жүжигчин Г.Амгаланбаатар, Д.Баттөмөр, найруулагч Ч.Түвшин нар нь тайз дэлгэцийн урлагийн нэртэй уран бүтээлчид болсон байна. Түүний урлагийн мэргэжилтэн сургаж бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмэр, боловсролын байгууллагад олон жил тууштай, үр бүтээлтэй ажилласны учир 2000 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, 2017 онд Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор цол хүртээжээ.
Монгол улсын гавьяат жүжигчин Надмидын Мягмарын дүр бүтээх арвин их туршлага, цуцашгүй их хөдөлмөр, авьяас билгээс бид цаг ямагт суралцаж, түүний гэгээн дүр төрхийг үеийн үед дурсан санаж явах болно.
Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын
Захиргаа, Уран сайхны зөвлөл,
Театрын хамт олноос.
2020.10.06

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх