Ерөнхийлөгч Х.Баттулга: Төмөр замаар дамжин эдийн засаг тэлснээр ажилгүйдэл, ядуурлыг эрс бууруулна

2020 оны 09-р сарын 30 өдөр, 18 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
OTGO1984

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.29/ Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.

Сэлэнгэ аймгийн иргэн Баянмөнх:

“…Ер нь Сэлэнгэ аймаг бол маш баян аймаг гэж бид ярьдаг. Үндэсний хэмжээний уул уурхайн маш их баялагтай гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Газар тариалан, төмс хүнсний ногоо гээд манай аймаг маш их баялагтай. Гэхдээ өнөөдөр сэлэнгэчүүд Сэлэнгэ нутагтаа эзэн нь байж чадаж байна уу гэдэгт олон хүн санаа зовж, маргаан үүсэж явдаг. Би ч гэсэн адилхан бодолтой явдаг. Бид үндэсний уул уурхайн компаниудыг бид дэмжиж, бизнесийг нь хийлгэх ёстой. Өнөөдөр бизнес хийж байгааг нь буруутгах гээгүй шүү гэдгийг хэлмээр байна. Гэхдээ бид баялагтаа эзэн болж чадаж байна уу? Сэлэнгийн тариачин, ногоочин хүмүүст тэр газар нь баялаг нь шүү дээ. Бид энэ баялагтаа эзэн баймаар байдаг. Уул уурхайн баялаг бидэнд тэгш хүртээмжтэй, энэ нутагт өгөөжтэй баймаар байна. Гэтэл усан оргилуур, хөшөө дурсгал, наадам ивээн тэтгэх зэргээр хуураад яваад баймааргүй байна. Томоохон уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагыг нь жинхэнэ утгаар нь хүлээлгэмээр байдаг юм аа. Энэ тал дээр илүү санаа тавьж ажиллаасай гэж Танаас хүсэж байна.”

Сэлэнгэ аймгийн иргэн, өрхийн эмч Баянжаргал:

“…Манайд 2002 оны нэгдүгээр сараас эхлэн өрхийн эмнэлгийн шинэ тогтолцоо үүсэж хөгжиж байгаа. Энэ цоо шинэ тогтолцоо маань бидний харах өнцгөөр бол маш дэвшилттэй ажил болсон. Энэ дэвшлийг бид өөрсдөө юу гэж бодож байна вэ гэхээр, бидний үйл ажиллагаатай холбоотойгоор нялхсын эндэгдэл, жирэмсэн эхийн нас баралт буурч, хүүхдийн дархлаажуулалт сайжирч, өрх гэрийн хүн болгон эзэнтэй болсон гэж бодож байна. Маш их давуу талтай, цоо шинэ тогтолцоо болсон. Энэ тогтолцоо манайд үүсээд 19, 20 дахь жилдээ явж байна. Тэгэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагын зүгээс анхаарсан тохиолдол тун цөөн байна. Үүн дээр анхаарч өгөөч гэж хэлмээр байна. Мөн залуучуудад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байж өрхийн эмнэлэгт ажиллуулахгүй бол бидний үеэс шал өөр болсон байгаа шүү дээ. Эд нар өөрсдөө мэдэг гээд байж болохгүй. Бид нартай адил яв гэсэн газар явж, суу гэсэн газар суухаа больсон учраас би үүнийг хэлж байгаа юм шүү.”

Сэлэнгэ аймгийн иргэн Бавуу:

“…Энэ боловсролын тогтолцоо, систем нэг л биш болчихлоо. Гэгээрэл хаягдсан учраас хүмүүсийн сэтгэлгээ ихээр бохирдож байна. Нян микробууд ихээр нэвтэрч байна.

Мөн тэтгэвэр дээр анхаармаар байна. Надад гэхэд хэвлэхэд бэлэн 16 ширхэг ном, бүтээл байна. Даанч хэвлүүлж, нийтийн хүртээл болгох мөнгө алга. Тиймээс тэтгэвэр дээр жаахан анхаарал хандуулбал ямар вэ?”

Сэлэнгэ аймгийн иргэн С.Осор:

“…Би тэтгэвэрт гарахынхаа өмнө өөрийн хашаанд байгаа бутнаас гүзээлзгэнэ, улаалзгана, үхрийн нүд, мойл зэрэг суулгацаас хөгжлийн бэрхшээлтэй 50 иргэнийг ажлын байртай болгосон. Танаас хүсэх нь, манай Сэлэнгийн дулааны цахилгаан станцыг өргөтгөлтэй болгож, хүчин чадлыг нь нэмэгдүүлж өгөөч ээ. Ерөнхийлөгчөөс дахин хүсэх зүйл байна. Манай Салхитын аманд дулаан ирсэн. Дулаан ирсэн мөртлөө намчирхаад, дулаанаа авсан айлууд нь шугамаа ядуучууддаа 2.6 сая төгрөгөөр үнэлж байна. Би үүнд бухимдаж байна. Иймээс эхний ээлжинд дулааны цахилгаан станцыг маань дулаантай болгож өгөөч.”

Сэлэнгэ аймгийн иргэн Хишигжаргал:

“…Би 2000 оноос хойш гэрэл цахилгааны асуудал хөөцөлдөж, жил жилийн дарга нар, тэднийг сонгож байгаа сонгогчдод асуудлаа тавьж ирсэн. Одоо 20 жил болж байна. Энэ тог, цахилгааны нөхцөлийг сайжруулаад өгвөл хүний амьдрал дээшилнэ шүү дээ.

Мөн эмийн үнийн талаар ярихгүй бол аюултай байна. Нэг ширхэг эмийн үнэ таван мянган төгрөгөөр нэмэгдсэн байна шүү дээ. Бид 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүмүүс. Үнэндээ хүнд байна. Бид хүнд нөхцөлд амьдарч байна.”

Сэлэнгэ аймгийн иргэн Соёлбадаг:

“…Би тариаланч хүн. Таны Хөдөө аж ахуйн сайд байхад орж уулзаж, асуудлаа шийдүүлж байсан. Одоо тариаланчдын гурван хувийн хөнгөлөлттэй зээл гэдэг зүйлийг өнгөрсөн жилээс ярьсан. Гэхдээ энэ зээл жижиг дунд үйлдвэр эрхлэгч, тариаланчдад ирдэггүй. Маш их чирэгдэл болж банк, яамд, Тамгын газраар явдаг боловч асуудал нь шийдэгддэггүй. Энэ асуудлыг нэг талд нь гаргаж, төрөөс хяналт тавихгүй бол арай хэтэрч байна. Хөнгөлөлттэй зээл, тусламж хүрэх эзэндээ хүрдэггүй.”

Сэлэнгэ аймгийн иргэн Золзаяа:

“…Сэлэнгэ, Дархан-Уул аймгийнхан ямар замаар Улаанбаатараас Сэлэнгэ хүртэл зорчоод ирж байгаа билээ? Гадны компаниудад замын тендер өгснөөс болоод ингэж байгаа. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар төмөр замыг тавьж байгаа. Тэр ажил ямар үр бүтээлтэй байгаа билээ? Дандаа үндэсний компаниуд, цэрэг дайчдыг ашиглаж ямар бүтээн байгуулалт хийж байгааг бид нүдээрээ харцгаасан. Яг үүн шиг энэ 220 км замыг үндэсний үйлдвэрлэгч компаниудаараа тавиулчихсан бол өнөөдөр бид хоёр жилийн хугацаанд эдийн засаг, эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байсан байх гэдэгтэй санал нийлэх байх.

Хоёрдугаарт, Сэлэнгэ аймгийн дулааны цахилгаан станцын талаар хүмүүсийн хэлж байгаа зүйлтэй санал нэг байна. Өнгөрсөн жил дулааны үнийг 50 хувиар нэмнэ гэж байхад нь бид тэмцэж байж, УИХ, орон нутгийн сонгуультай холбоотойгоор үнэ нэмэгдээгүй. Одоо 2020 оны есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 31-нийг хүртэл хуучин тарифаар гэрээ хийж байгаа. 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс дулааны үнэ нэмэгдэх эсэхийг таашгүй. Би жижиг аж ахуйн нэгж эрхэлдэг хүн. Тэндээ Улаанбаатарт дөрвөн давхар зочид буудал ажиллуулж байгаа хүмүүстэй адил хэмжээний дулааны хөлсийг төлдөг. Одоо дулааны хөлс нэмэгдвэл жижиг аж ахуйн нэгжүүд хаагдана.”

Сэлэнгэ аймгийн иргэн Болормаа:

“…Сэлэнгэ аймгийн хэмжээнд гажуудсан халаалтын асуудлаар хэдэн үг хэлэхгүй бол болохгүй байгаа учраас таныг зориод ирлээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 13 дахь жилдээ халаалтын төвгүй өвөлжиж байна. Өвөлжилтийн бэлтгэл хангагдсан гэдэг мэдээллээ өгчихсөн, халаалт эхэлчихсэн улиралд бид 13 дахь жилдээ орон сууцандаа халаалтгүй амьдарч байна.

Зөрчлийн хууль гэж нэг хэцүү хууль байна. Иргэд үгээ хэлж болохгүй юм. Төр, олон нийтийг хамарсан, сумын иргэдийн эрх ашиг зөрчигдсөн энэ асуудлаар төрийн захиргааны байгууллагад ороод маргаан үүсгэхэд үндэслэл нь миний өргөдлийг шийдэж өгөхгүй байгаа төрийн захиргааны албан тушаалтнууд байтал зөрчлийн хэрэг болдог. Би 25 удаа 13 сая төгрөгөөр торгуулсан.”

Сэлэнгэ аймгийн иргэн Б.Дашзэвэг:

“…Зөв хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болсон гэж би бодож байна. Энэ хүний хийсэн гурван ажлыг дурдъя гэж бодож байна. Шинэ төмөр замын төсөл, ахмадуудын өрийг тэглэсэн, гадаадаас оффшор мөнгийг оруулж ирсэн зэрэг ажил байна.

Манай Сэлэнгэ аймаг газар тариалангийн 55 хувийг бүрдүүлдэг аймаг. Ямар ч байсан манай аймагт шинэ үрийн аж ахуй байгуулаасай гэж бодож байна.”

Сэлэнгэ аймгийн иргэн Алтанзаяа:

“…Гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар гэр бүлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад анхаарч өгөөч ээ. Нийгмийн сэтгэл судлалаар мэргэшиж байгаа хүний хувьд гэр бүлийн хүчирхийлэл их байгаа шалтгаан нь ард иргэдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа дутагдсанаас ажил, амьдралын стрессээ хүмүүс ойр дотныхондоо гаргаж байна гэж харж байна. Үүнээс болоод гэр бүлийн ойр дотны хүмүүс нь тэжээгчээ алдахаас айж гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлж, хүчирхийллийг өдөөж байна. Хохирогчид нь хүчирхийлэлд өртөхөөс айгаад хүчирхийлэл гарах нөхцөлийг нэмэгдүүлж, хүчирхийлэгчийг хамгаалсаар байна. Энэ нь нийгмийн ухамсрыг доройтуулсаар байна.

Мөн сүүлийн 30 жилийн статистикийн тоогоор Монгол Улсад нэг сая гаруй үр хөндөлт хийгджээ. Маш олон эмэгтэйчүүд, охид өөрийн бие, сэтгэлээр хохирч, хүн амаа өсгөх бодлогод үлэмж хэмжээний хохирол учирч байна. Энийг анхааралдаа авч, бодлого боловсруулж, олон нийтийн дунд нөлөөллийн ажил хийж өгч туслаач гэж хүсэж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтын төгсгөлд иргэдийн асуултад хариуллаа. Мөн энэ үеэрээ “Сэлэнгэ аймгийг төмөр замгүйгээр төсөөлөхгүй. Одоогоор Монгол Улсын эдийн засгийг 5-6 дахин тэлэх 700 гаруй км төмөр зам говийн бүсэд баригдаж байна. Монгол залуус, монгол инженерүүд өөрсдийн хүчээр төмөр зам барьж байна. Энэ бүтээн байгуулалт цаашид үргэлжилж, баруун хязгаарын аймгуудыг ч гэсэн төмөр замаар холбох ёстой. Төмөр замаар дамжин ажлын байрууд бий болж, аж үйлдвэрүүд тэлж хөгжинө. Эдийн засаг тэлж хөгжих юм бол уулзалт болгон дээр Та бүхний яриад байгаа ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой асуудлууд эрс багасах судалгаа тооцоо гарсан. Та бүхэн бүтээн байгуулалтын ажилтай очиж танилцаарай” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх