Хуучнаар Сайд нарын эмнэлэг буюу Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийг түшиглэн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулагдаад буй. Ингэснээр лавлагаа, шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, тэр дундаа хавдар, зүрх, судасны өвчний тусламж, үйлчилгээг түлхүү үзүүлэх болсон юм. Энэ талаар УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболдтой ярилцлаа.
– Зүрх судасны өвчний нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд УГТЭ-хэн үзүүлдэг. Тэр ч утгаараа ачааллаа дийлэхгүйд хүрээд буй. Харин танайх өнгөрсөн тавдугаар сард зүрхний шигдээсийн нэгжийг байгуулсан. Эл хугацаанд ямар ямар үйлчилгээ үзүүлэв?
– Бид “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг таван ортойгоор шинээр байгуулахаас гадна Тархины харвалтын нэгж байгуулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд нийслэлийн зүүн бүсийн иргэдэд энэ төрлийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн төвүүдийн төвлөрлийг сааруулах Эрүүл мэндийн яамны бодлогын хүрээнд бусад эмнэлгийн ачааллыг хуваалцах замаар тусламж, үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхээр зорьж байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш зүрх, судасны чиглэлээр 30-аад хүнийг оношилж, стент (судас тэлэгч хавчаар) амжилттай суулгасан. Мөн манай мэдрэлийн заслын хамт олон тархи, нуруу нугасны мэс заслыг хийж эхэллээ. Тархины харвалтын нэгжийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Шаардлагатай багаж, тоног, төхөөрөмжийг ЭМЯ-нд захиалсан.
– Танай эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг хэзээнээс бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах бол гэж иргэд хүлээж байна.
– Юуны өмнө энэ талаар товч мэдээлэл өгье. Манай улс БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр “МОН-8” төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд олон улсын стандарт хангасан, 15 000 мкв талбай бүхий “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барьсан юм. 2019 оны арванхоёрдугаар сараас тасаг, кабинетуудаа хэсэгчлэн нээж, ард иргэддээ үйлчилж эхэлсэн. Тус төвийн мэс засал, дүрс оношилгоо, лаборатори, дуран, яаралтай тусламжийн гээд бүх хэсэг нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй. Төслийн хугацаа ч дуусч байна. 2020 ондоо багтаан иргэдэд бүрэн хүчин чадлаараа үйлчилнэ. Тэр үед тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдсэн, оношилгоо эмчилгээний нэр төрөл олширсон, олон улсын жишигт хүрсэн байх болно. Тухайлбал мэс заслын тасаг өмнө нь гурван вакуум өрөөтэй, 50 ортой үйлчилдэг байсан. Харин одоо ийм есөн вакуум өрөөтэй, мэс заслын I, II тасгуудтай болж, орны тоо 120 болж нэмэгдсэн. Мөн эрчимт эмчилгээний тасгийн найман орыг 12 болгосон. Үүнийг дагаад мэдрэл, толгой хүзүү, чих хамар хоолой, ортопед, бөөр, эмэгтэйчүүд гэх мэт найман чиглэлээр мэс засал хийх боломж бүрдсэн. Цаашид салбарлан хөгжих боломжтой. Дээрх төслийн хүрээнд нээсэн Ангиографын буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тасаг шинээр нээгдэж, элэгний хавдар, зүрхний шигдээстэй иргэдэд үйлчилж байна. Одоогоор тус тасгийнхан 500 гаруй хүнийг оношилж, эмчилжээ. Энэ бол багагүй тоо, чамлахааргүй үр дүн юм. Мөн манай эмнэлгийнхэн хөхийг тайрч авахгүйгээр хавдрын эдийг соруулах мэс заслын технологийг нэвтрүүлж, 10-аад хүнд амжилттай хийсэн.
Салбартаа хувь нэмрээ оруулах, ачааллыг хуваалцах, шинэ технологиудыг нэвтрүүлэх тал дээр манай хамт олон маш үр дүнтэй сайн ажиллаж байгаад баяртай байдаг.
Манай улс хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтаар харамсалтай нь дэлхийд “тэргүүлж” байна. Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд хавдрыг оношилж, эмчлэх өндөр хүчин чадалтай ПЭТ-КТ (Позитрон Эмиссийн Томографи- Комьютер Томографи) суурилуулсан. ХСҮТ-д байхгүй эл аппаратад олон хүн “харуулчих” юмсан гэх нь гарцаагүй. Уг технологийн дэвшил нь юу вэ?
Дүрс оношилгооны хосолмол технологийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ үйлчилгээ нь эрүүл мэндийн Сайдын хавдарын эмчилгээ, оношилгооны төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд мэдэгдэхүйц үр дүн өгөх ажил юм.
Хорт хавдрын уламжлалт оношилгоо, эмчилгээний менежментийг 30 хүртэл хувь өөрчилдөг ПЭТ-КТ технологийг нэвтрүүлэхийн тулд циклотроны үйлдвэрийг цуг барьдаг. Энэ нь нарийн нийлмэл бүтэцтэй, өндөр түвшний аппаратад ашигладаг цацраг идэвхт эцотопын үйлдвэр юм. Цөмийн онош зүйн тасагт ашиглах эдгээр болон бусад тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн гадны инженерүүд угсарч байна. Циклотроны үйлдвэрийг аравдугаар сард ашиглалтад оруулчихвал иргэд хавдрын нарийн оношилгоо, эмчилгээ хийлгэх гэж гадаад руу явах шаардлагагүй болно. Цаашид энэ үйлдвэрийг түшиглэн цѳмийн эмчилгээний шинэ нэр төрлийг Монгол Улсад нэвтрүүлэх бүрэн боломжтой болно.
-Ямар тохиолдолд ПЭТ-КТ шинжилгээ хийдэг юм бол?
Хавдартай хүн бүр заавал хийлгэх ёстой. ПЭТ-КТ оношилгоо нь хавдар бусад эрхтэн системд үсэрхийлсэн, эсэх, хоёрдогч шалтгаантай юу гэдгийг хүртэл нарийн шинжилснээр эмчилгээний арга тодорхой, оновчтой болно. Эмчилгээний үр дүн ч сайжирна. Хавдартай, хагалгаанд ороод эмчийн хяналтанд байгаа ч жилд нэг удаа дээрх шинжилгээнд хамрагдах шаардлагатай.
Монголд ПЭТ-КТ оношилгоог нутагшуулснаар хавдрын тусламж, үйлчилгээнд маш том дэвшил авчирна. Улмаар уг эмчилгээг хийлгэхээр гадаад улсыг зорих иргэдийн тоо цөөрөх нь гарцаагүй.
Ирэх сарын сүүлээр үйлдвэр болон оношилгооны хэсэг ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байна. Эрүүл мэндийн салбарт нэгдсэн бодлогоор төвлөрлийг сааруулах, ачааллыг бууруулах, чанар хүртээмжийг сайжруулах, чирэгдлийг бууруулах шат дараатай олон ажлууд хийгдэж байгаа. Энэ хүрээнд УХТЭ ч мөн өөрийн үүргээ гүйцэтгэн хичээн ажиллаж байна.
-Үндэсний оношилгоо эмчилгээний төвд хэрэглэгдэх онцлох технологиос дурдвал?
-Мэдээж хамгийн түрүүнд гол онцлох шинэ технологи гэвэл нэгдүгээрт ПЭТ-КТ (Позитрон Эмиссийн Томографи- Комьютер Томографи), хоёрдугаарт манай улсдаа хамгийн өндөр 3 TESLA хүчин чадалтай Соронзон резонанст томографи- MRI аппарат суурилуулагдсан бөгөөд уг аппарат нь зураг авах хугацаа богино, зургийн чанар өндөр тул тархины нарийн оношилгоо, аарцагны хөндийн эрхтнүүдэд илүү мэдрэг оношилгооны өндөр ач холбогдолтой. Эмнэлгийн тусламж үйлчилгээний салшгүй нэг хэсэг болох халдваргүйтгэл, ариутгалын тасгийн тоног төхөөрөмжүүд шинэчлэгдсэн суурилагдсан. Мөн ходоод, бүдүүн гэдэсний дурангийн бүрэн автомат угаалгын машинууд суурьлагдснаар дурангийн ариутгал сайжирч олон улсын стандартад нийцсэн.
– Танай эмнэлэг лавлагаа шатлалын том эмнэлгийн хувьд хөдөө, орон нутгийн эмнэлгүүдийг чадвахжуулах ажлуудыг хийж байгаа гэсэн?
Эрүүл мэндийн сайдын 2020 оны наймдугаар сарын 21-ний А405 тушаалаар УХТЭ-ийн үйлчилгээний хамрах хүрээг тэлсэн. Үүнд зүүн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар болон Говьсүмбэр аймгууд, мөн Нийслэлийн Баянзүрх, Багахангай, Багануур, Налайх дүүргүүдэд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн сайдын тушаалаар Говьсүмбэр аймгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Манай эмнэлэг нь Говьсүмбэр аймагт лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх учраас энэ ажилд илүү хариуцлагатайгаар оролцож байна.
Сүүлийн сар гаруй хугацаанд УХТЭ-ийн эмч нар Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн төвд очиж, танхимын болон ажлын байран дээрх дадлага сургалтыг зохион байгуулж байна.
Цаашид ч манай эмнэлэг тус эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүний нөөцийг чадавхжуулах тал дээр тогтмол сургалт болон эмч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд яаралтайгаар болон төлөвлөгөөт үзлэг, оношилгоо, мэс заслыг хийж нягт холбоотойгоор ажиллах болно.
– Бусад хамрах хүрээнийхээ эмнэлгүүдтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
Энэ хүрээнд бид хамрах хүрээний эмнэлгүүдтэйгээ хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, төлөвлөгөө боловсруулан сургалт, эмч солилцооны хөтөлбөрөө эхлүүлээд ажиллаж байна.
Ер нь лавлагаа шатлалын эмнэлэг нь өөрийн хамрах хүрээний аймаг, дүүргийн эмнэлгүүдийнхээ чадамжийг дээшлүүлэх, тогтмол арга зүйн зөвлөгөөгөөр хангах болон эмч солилцооны хөтөлбөрийг тогтсон төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, тусламж үйлчилгээний чанарыг нь сайжруулахад анхаарч ажиллана.
Дээрх өөрчлөлтийг хийснээр иргэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг тухайн оршин суугаа аймаг, дүүргийн эмнэлгээс авч, лавлагаа шатлалын эмнэлгийг зорьж ирдэг орон нутгийн иргэдийн урсгал буурч, ард иргэдэд хүлээгдэл чирэгдэл багасна.
-Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдлын тухайд?
Говьсүмбэр аймаг нь 17,000 оршин суугчтай боловч дамжин өнгөрөх хөл хөдөлгөөн ихтэй. Иймээс зам тээврийн ослын дуудлага мэдээлэл их ирдэг тул гэмтлийн тусламж үйлчилгээг ойроос үзүүлэх нэн шаардлагатай болдог. Энэ хүрээнд ГССҮТ-ын эмч нар орон нутгийн эмч нарт ажлын байран дээрх сургалтыг өгч ажиллаж байна. Үүнээс гадна энэ жил Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөл болох 8500 мкв 2 корпус таван давхар байр баригдаж байгаа бөгөөд барилгын ажил 90 хувьтай, ирэх 11 сард ашиглалтад орох юм. Шинэ эмнэлгийн байранд шаардлагатай тоног төхөөрөмжийн захиалгыг Эрүүл мэндийн яаманд хүргүүлж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг яамнаас шийдвэрлэж өгөхөөр болсон байсан. Нэгдсэн эмнэлгийн хувьд хил залгаа сумдын иргэдэд мэс засал, гэмтэл, төрөх, хүүхэд, дүрс оношилгоо, лаборатори гэх мэт тусламж үйлчилгээг үзүүлдэг.
-Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн хүртээмж хэр байна вэ?
-Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг нь нийт 136 -аад ажилтантай үүнээс 32 эмч, 60 сувилагч, асрагч, удирдах болон дэмжих үйлчилгээний 44 ажилтантай. Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн эмч, мэргэжилтний хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхижуулах чиглэлээр зохих арга хэмжээнүүдийг авч байгаа. Өнөөдрийн байдлаар манай эрчимт эмчилгээ болон мэдээгүйжилгийн эмч маань 1 сарын хугацаатай Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа бөгөөд цаашид аль чиглэлийн эмч аль тасаг нэгжид шаардлагатай байна тэр чиглэлийн эмч нарыг ажиллуулах болно. Мөн аймгийн эмч нар манай эмнэлэгт ирж дадлагажих хөтөлбөрт хамрагдаж сургалт, зөвлөгөөгөөр хангагдах юм. Ажлын байран дээрх дадлага, сургуулилт нь сургалтын хамгийн үр дүнтэй арга байдаг бөгөөд богино хугацаанд тухайн мэргэжилд чадавхиждаг.
-Орон нутагт томилолтоор ажиллаж байгаа эмч нарын нийгмийн асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?
-Есдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд ЭМЯ-ны харьяа байгууллагууд болох УХТЭ, ГССҮТ, УНТЭ, СЭМҮТ-ийн хамтарсан баг Говьсүмбэр аймагт уулзалт, сургалт, семинар хийж, иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Энэ үеэр орон нутагт томилолтоор ажиллаж буй эмч нарын байрлаж байгаа байр орон сууцтай танилцсан бөгөөд эмч нарт хоёр өрөө орон сууцнуудыг тохижуулан амьдрах нөхцөлийг нь сайн бүрдүүлж өгсөн байсан. Үүнд орон нутагт ажиллаж буй эмч нар маань ч сэтгэл хангалуун байна. Томилолтын хугацаанд цалин, томилолтын зардлаа зохих журмын дагуу авч байгаа. Мөн аймгийн ЗДТГ-аас тодорхой хэмжээний урамшууллыг эмч нарт маань өгөхөөр болсон.
-Эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна Эрүүл мэндийн яамнаас урьдчилан сэргийлэх үзлэг болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд ихээхэн анхаарал хандуулах болсон. Энэ ажлуудыг Говьсүмбэр аймагт хийж байгаа юу?
-Манай эмнэлэг нь ЭМЯ-ны харъяа эмнэлгүүдээс анхлан “Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв”-ийг нээн ажлуулсан.
Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг болон бусад хамрах хүрээний эмнэлгүүд маань “Эрүүл мэндийн дэмжих төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж өөрийн нөөц бололцоондоо тохируулан энэ төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэхээр зорьж байна. Үүнээс гадна иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр байнгын хамтын ажиллагаатай ажиллах болно. Мөн ЭМЯ-ны харьяа байгууллагуудын хамтарсан баг энэ сард аймгийн иргэдэд гэмтэл болон хавдрын тав хоногийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийсэн. Тус үзлэгийн үеэр тодорхой тооны хүн нь хавдар гэж оношлогдон дараагийн шатны төрөлжсөн лавлагаа шатлалын эмнэлэг рүү нарийн онош тодруулахаар шилжсэн. Бид цаашид энэ мэт иргэдрүү чиглэсэн, өвчилсөн хойноо биш, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг хийхээр төлөвлөж байна.
-Баярлалаа.
Эх сурвалж: Өнөөдөр сонин О.Бат-Ундрах
өнгөрсөн жилийн 8 сараас хойш Пэт-Ст оношлогоог хүлээж байна, гадаад явах мөнгөгүй , хавдар оношлогдсон хүмүүсийн хувьд хүлээх гэдэг ямар хэцүү гээч