Ерөнхийлөгч Х.Баттулга: Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөгжил бол төмөр зам юм

2020 оны 09-р сарын 20 өдөр, 13 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_MG_9990

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.19/ Увс аймагт ажиллалаа.

Энэ үеэрээ “Шинэ эдийн засаг-Увс” хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд тус аймагт есдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан чуулга уулзалтад оролцож үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгэндээ бүсчилсэн хөгжил, үүнд хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэх үүрэг, мөн дэд бүтцийн хөгжлийн ач холбогдлын талаар онцолсон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Баялаг бүтээгчид ээ,

“Увс нутгийн хөдөлмөрч иргэд ээ,

“Шинэ эдийн засаг-Увс” санаачилгын чуулга уулзалтад оролцогчид оо,

Зорьж ирсэн ажил, томилолт маань “Шинэ эдийн засаг-Увс” санаачилга хэмээх энэ цаг үеэ олсон арга хэмжээтэй давхцсанд миний бие их билэгшээж байна. Бизнесийнхээ салбарын зовлон бэрхшээлийг мэдэх, ойр явсан хүний хувьд өнөөдөр Монгол Улсад ийм санаачилга аймаг, дүүрэг монгол даяар дэлгэрч, баялаг бүтээгчид нэгдэж, хоршиж ажиллаасай гэж бодож явдаг хүмүүсийн нэг нь би.

УИХ-ийн гишүүн О.Цогтгэрэл баялаг бүтээгчдийн эгнээнээс улс төрд орсон хүн. Баялаг бүтээгчдийн хүчийг төвлөрүүлэх, бизнесүүд бүх шатандаа хамтран ажиллах боломжийг нээх уулзалт, чуулганыг санаачлан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна. Баяр хүргэе!

Өнөөдрийг хүртэл Монгол Улсын эдийн засгийн явж ирсэн замнал, Засгийн газар, төрөөс бизнест хандах хандлага, бизнес эрхлэгчдийн хэрэглэж ирсэн арга барил, сэтгэлгээ зөв эсэхийг бид эргэцүүлэн, шинэ зам, шинэ хандлага, шинэ арга барил олж авах цаг болсон гэж би үздэг. Ингэж байж л өсөлт, дэвшлийг авчирна. Өнгөрсөн хугацаагаа бас бид судлах хэрэгтэй.

Ялангуяа, баялаг бүтээгчид Та бүхэн үйл ажиллагаандаа орчин үеийн бизнес, эдийн засгийн шийдлүүдийг нэвтрүүлж ажиллаарай гэж хүсье. Тухайлбал, дэлхийн шилдэг бизнесүүд хамтрах, хорших байдлаар хязгаарлагдмал нөөцөө оновчтой зарцуулж, илүү бүтээмжтэй ажилладаг болсон.

Юуны өмнө төр, хувийн хэвшил, орон нутгийнхан нийлээд эдийн засгаа тэлж, шинэ зах зээлүүдийг нээх нь чухал болчихоод байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах зах зээл бол бизнесийн анхдагч суурь юм.

Миний бие нэлээн олон улсаар айлчилсны дотор БНХАУ-ын Чиндао хотноо айлчлах үеэрээ Монголын баруун бүсийн нь халдварт өвчин гардаггүй бүс тул мал ба малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох талаар нухацтай ярилцсан. Ер нь БНХАУ-тай худалдаагаа 10 тэрбум ам.долларт хүргэх, үүндээ Монголд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох талаар тодорхой ярилцсан байгаа.

Баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд урд хөрштэй 1,400 орчим км газраар хиллэдэг. Үүний цаана халал аргаар боловсруулсан мах хэрэглэдэг 38 сая хүний зах зээл байгаа. Бид хэрвээ Бургастайн боомтыг ашиглаж чадвал, хилийн боомтуудыг байнгын ажиллагаатай болгох талаар төр өөрөө бодлого гаргаж, хэлэлцээрүүдийг хийж чадвал бизнесүүд өөрсдөө санаачилгатай ажиллана.

Нөгөө талаар би 2010 онд Зам, тээврийн сайд байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг батлуулсан. Төмөр замын асуудлыг баруун аймгийнхан, ялангуяа “Шинэ эдийн засаг-Увс” форумд оролцож байгаа бизнес эрхлэгчид маш нухацтай анхаараад аваарай. Яагаад гэвэл энэ төмөр замаар дамжин Кызыл-Абакан-Красноярск чиглэлтэй холбогдоно. Баруун бүсийг төмөр замаар холбох төрийн бодлого одоогоос арван жилийн өмнө гарсан. Та бүхэн хэвлэл, мэдээллээс харж байгаа байх. Зүүнбаянгаас Цогтцэций, Цогтцэцийгээс Гашуунсухайт хүртэлх 700 орчим км төмөр замын дэд бүтцийн ажил үндсэндээ дуусаж, энэ оны арванхоёрдугаар сард анхны тээвэр хийгдэх гэж байна. Монголчууд түүхэндээ анх удаа 700 км төмөр замыг монгол залуучууд, инженерүүдийн хүчээр бүтээн босгоод эхэлсэн. Ийм бүтээн байгуулалтыг 21 аймагт, тэр дундаа алслагдсан, баруун бүсийн аймгуудад мөн зүүн бүсийн аймгуудад эхлүүлэх ёстой. Тийм учраас үүнийг ярих гэж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилсан “Шинэ эдийн засаг-Увс” санаачилгын уулзалтыг зорин ирсэн юм.

Одоо монголчууд гаднын гар харахгүйгээр, зээл авахгүйгээр төмөр замаа өөрсдөө тавьж болдог гэдгийг харуулсан юм чинь яагаад баруун бүсийг холбосон дэд бүтэц, төмөр зам тавьж болохгүй гэж?

Сая би зүүн аймгуудаар ажиллаад ирсэн. Зүүн аймгуудаар явахдаа Чойбалсан дахь Баянтүмэнгийн мухар төмөр замыг урагшаа шууд Бичигтийн боомт руу холбох талаар удирдлагуудтай нь уулзсан. Энэ төсөл дээр ажиллах бэлэн хүч нь байгаа. Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замын ажил дуусчихсан учраас энд оролцсон компаниуд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн кэмпийг Баруун-Урт чиглэлийн төмөр зам руу нүүлгэж, ажил эхэлж байгаа. Зүүн бүсийн хөгжил ойлгомжтой болчихлоо. Чойбалсангийн мухар төмөр замыг Бичигт рүү холбовол зүүн аймгуудын эдийн засаг буюу ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийн том дэд бүтэц бий болно. Энд цемент, гурилын үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжүүд энэ дэд бүтцээ дагаад хөгжинө. Өнөөдөр алслагдсан Халхгол суманд газар тариалан эрхэлж байгаа хүн гурилаа үйлдвэрлээд Улаанбаатар хотод ирж борлуулах боломж байхгүй. Үүнтэй адилаар баруун бүсэд газар тариалан, мал аж ахуй эрхэлж байгаа хүн Улаанбаатарын зах зээлд нийлж, асуудлаа шийднэ гэдэг бас боломжгүй зүйл.

Тийм учраас өнөөдөр энд ярьж байгаа энэ дэд бүтцийн ажил дээр зүүн аймгууд нэгдэж байгаа шиг баруун бүсийн бизнес эрхлэгчид, баруун аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдсэн ойлголтод хүрч, уриалгаа гаргаад, 2010 онд батлагдсан бодлогыг хэрэгжүүлэх тал дээр санаачилгаа гаргаад ажиллаач гэж хүсье.

Энэ бодлогыг өөрөө УИХ-аар батлуулсан учраас, энэ бол Монгол Улсыг хөгжүүлэх цорын ганц алхам гэдгийг ойлгочихсон учраас Ерөнхийлөгчийн хувьд Та бүхнийг зорин ирж, энэ бүхнийг ярьж байна. Төмөр зам тавих юм бол баруун аймагт амьдардаг наян настай хөгшин, найман настай балчир галт тэргэнд суугаад, унтаад сэрэхдээ Улаанбаатарт ирсэн байдаг болъё л доо. Эмнэлэгтээ үзүүлж, үйлчилгээгээ аваад Улаанбаатараас галт тэргэнд сууж, маргааш өглөө нь Увс, Ховд, Баян-Өлгий аймагтаа ирсэн байдаг болмоор байна шүү дээ.

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөгжил бол төмөр зам юм. Бусад орнууд төмөр замаараа хөгжсөн. Ингэж дэд бүтэц, ложистикоо хөгжүүлсний дараа бизнес эрхлэгчид хүссэн хүсээгүй эвлэлдэн нэгдэж, том асуудал руугаа орно.

Нөгөө талдаа, бид Казахстан улстай хиллэдэг. Хуучин нийслэл Алматагийн хуучин ложистик буюу агаарын тээврийн үйлчилгээ хэвээрээ байж байгаа. Алслагдсан гурван аймаг нийлээд Ховдын нисэх онгоцны буудлыг ачааны том буудал болгож, Алматагийн ложистикийг ашиглах юм бол Төв Азийн том зах зээлд орох боломжтой. Бүгд халал аргаар боловсруулсан нядалсан махыг хэрэглэдэг. Энэ тал дээр асар их судалгаа хийсэн. Сая танилцуулга хийсэн “Талын Монгол” брэндийн залуу их зөв юм ярилаа. Энэ залуу шиг маш олон бизнес эрхлэгчдэд юу хэрэгтэй байна вэ гэхээр, төрийн зөв, тодорхой бодлого хэрэгтэй байна. Төр өөрөө ложистикийн асуудлыг шийдээд өгөх юм бол “Талын Монгол” брэндийн залуу шиг залуучууд Монгол Улсыг дор нь хөгжүүлнэ.

Баруун бүс бол сүүлийн 48 сард малын гаралтай халдварт өвчин гараагүй бүс гэдгийг ойлгуулж, малын гарал үүслийн судалгааг хийдэг болчихсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн газар Төв Азийн орнуудын мал эмнэлгийн газруудыг урин авчирч, гэрээ хэлэлцээрүүдээ хийчихсэн байгаа. Ер нь манай хонины мах Төв Ази, Азидаа маш том брэнд болох боломжтой. 180 мянган малчин өрх маань малын гаралтай түүхий эдээ экспортод гаргаж, орлоготой болох зүйлийг л би яриад байгаа юм. Малчин баян байхгүйгээр Монгол Улс баян байхгүй ээ. Малын гаралтай бүтээгдэхүүн экспортод гарч байж, энэ том газар нутаг маань эзэнтэй болно. Энэ газар нутгийг малчин хүмүүс эзэнтэй болгож байна. Одоо төр бодлогоо гаргаж, малаас гаралтай түүхий эдийг бүгдийг нь экспортлох боломжтой болгоход манай бизнес эрхлэгчид дэмжээд явчихна.

Дархан-Уул аймагт 10 сая ширхэг арьс боловсруулах үйлдвэрийг барьж байгаа. Энэ бол үндэсний хэмжээний том үйлдвэр болно. Энэ үйлдвэрт ноос угааж, 10 сая ширхэг арьс боловсруулна. Үүнээс богийн арьс нь есөн сая, бодын арьс нэг сая ширхэг гэж тооцсон. Яагаад Дарханыг сонгосон бэ гэхээр төмөр замтай. Бид арьсаа Европын зах зээлд борлуулах юм. Технологийг нь оруулж ирээд, туршилтаар 10 мянган ширхэг арьс боловсруулаад гаргасан байгаа.

Ингээд баруун, зүүн, төв гэсэн гурван бүсээр бизнесийн ложистикийн бодлогыг гаргахгүй бол алслагдсан бүсийн аймаг сумдаас малын гаралтай түүхий эдийг Улаанбаатарт ирж борлуулахад хэцүү гэдгийг Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Энийг бодлого болгох тал дээр орон нутгаас сонгогдсон гишүүд нам харгалзахгүйгээр лобби бүлэг байгуулсан. Үүнийг дэмжиж ажиллана. Бид байнгын холбоотой ажиллах ёстой. Гурван сая монголчууд бидэнд маш богино хугацаанд сэхэх, босох боломж байгаа. Ганцхан төрийн бодлого, төрийн түшээдийн эх оронч сэтгэлгээ дутагдаад байгаа юм. Баярлалаа” гэлээ.


“Шинэ эдийн засаг-Увс” санаачилгын хүрээнд болсон чуулга уулзалтыг иргэдийн оролцоонд тулгуурласан, технологи, инновацын ололтыг ашигласан эдийн засгийн шинэ боломжуудыг таниулах, шинэ ажлын байр бий болгох, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулжээ.

Уулзалтад баялаг бүтээгчид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, “Чацаргана бол ирээдүй”, “Аяллын шинэ тренд Увс”, “Монгол мах экспортод”, “Дэлхийг тойрох гутал” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, шинэ эдийн засаг ба залуучуудын оролцоо, бизнесээ өргөжүүлэх боломжууд зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа. Мөн энэ үеэр “Увсад үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болсон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх