Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 05:00 цагаас эхлэн эмнэлгийн гадна дугаарлан зогсдог, мөн тухайн өдрийн цаг авч чадаагүй болон хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг гэх мэт хүлээгдэл, чирэгдлийг арилгах үүднээс “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачлан зохион байгуулсан тус төв нь 09-р сарын 01-нээс эхлэн туршилтын журмаар ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар, иргэдээс нийт 7200 гаруй дуудлага хүлээн авчээ. Дуудлагын төвд хандсан нийт иргэдийн 90.6 хувь нь шаардлагатай тусламж, үйлчилгээгээ авч чадсан байна.
“1800-0119” төвд эхний ээлжинд лавлагаа шатлалын есөн эмнэлгээс гадна нийслэлийн есөн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд холбогджээ. Ирэх 10-р сард багтаан хөдөө орон нутгийн 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг холбохоор ажиллаж буй аж.
Цаг авах нэгдсэн системтэй болсноор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.