Монгол Улсын Гавьяат багш, СУИС-ийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч, Монгол уртын дууны дэг сургалтыг өвлүүлэн уламжлуулагч, нэрт уртын дууч Цэвээндоржийн Дэлгэр 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таалал төгсч, бид бүхэнд хүнд гарз тохиосон билээ. Тэгвэл өнөөдөр Монголын ард түмэн, соёл, урлагийн салбарынхан нэрт уртын дуучнаа эцсийн замд нь үдлээ. Түүнийг эцсийн замд нь үдэхэд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нарын төрийн байгууллагуудын удирдлагуудын төлөөлөл болон гэр бүл, ахан дүүс, монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шавь нар, МУГЖ Ц.Төвшинтөгс даргатай Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Э.Сонинтогос захиралтай СУИС-ийн хамт олны төлөөллүүд байлцсан бөгөөд танхимд монголын үе үеийн алдарт уртын дуучдын дуу нь түрлэг намуухан эгшиглэж байлаа.
Монгол уртын дууны дэг сургалтыг өвлүүлэн уламжлуулагч Ц.Дэлгэр нь 1956 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн бөгөөд 1985 онд Улсын багшийн дээд сургуулийн Дуулаачийн ангийг Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын удирдлага дор суралцаж төгссөн анхны дээд боловсролтой уртын дуучдын нэг байсан. Тэрбээр уртын дууны намба төрх, дуулах ур зүйг бүрэн эзэмшсэн, нандин цохилготой, уянгалаг нарийн цээл хоолойтой манлай дуучин байсан бөгөөд Төв халх аялгуугаар “Эртний сайхан”, “Өвгөн шувуу хоёр”, Баянбараат аялгуугаар “Цэцэн хааны хүлэг”, Боржигон аялгуугаар “Жаргалтайн дэлгэр” зэрэг уртын дуунуудыг дуулж, радиогийн алтан сан хөмрөгт мөнхлөн үлджээ. Түүний хувьд 1985-1995 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт гоцлол дуучнаар ажиллах хугацаандаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурьд 428 удаа дуулсан байдаг.
Монгол Улсын Гавьяат багш, СУИС-ийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч Ц.Дэлгэр нь 1996 оноос өнөөг хүртэл Соёл, урлагийн их сургуулийн Дуулах урлагийн тэнхимд багшлахдаа уртын дууны олон арга барилыг шавь нартаа эзэмшүүлж, өвлүүлэн үлдээсэн сурган хүмүүжүүлэгч байсан бөгөөд “Баянбараат дэг аялгуугаар дуулах арга барил”, “Боржигон найрын дэг”, “Багшийг шүтэх ёсон” зэрэг судалгааны өгүүллийг нийтлүүлэн, эрдэм шинжилгээний хуралд олон арван илтгэл хэлэлцүүлсэн юм. Түүний хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж, 1998 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2001 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2004 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2012 онд “Монгол Улсын “Гавьяат багш” цол хүртээсэн.
Эгэл даруухан хирнээ эгэлгүй их авъяастан, эрхэм хүмүүний гэгээн дүр, үйлс бүхэн Монголын ард түмэн, соёл, урлагийн салбарынхан тэр дундаа дууны урлагийнхны сэтгэл зүрхэнд мөнхөд орших нь дамжиггүй юм.