Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий аймагт ажиллаж байна

2020 оны 09-р сарын 11 өдөр, 16 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
OTGO5033

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.

Энэ үеэрээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хэнтий аймаг дахь Политехник коллежоор зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

50 жилийн түүхтэй Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв 2019 онд магадлан итгэмжлэгдэж, политехник коллеж болон өргөжсөн байна. 2020-2021 оны хичээлийн жилд тус коллеж нь нийт 460 гаруй суралцагч, 75 багш ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж буй бөгөөд төгсөгчдийн 40 хувь нь ажлын байртай болж байгаа хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд тус коллеж нь талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, тогооч, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, бэлэг дурсгалын зүйл урлаач, үсчин, нарийн бичгийн дарга-албан хэргийн ажилтан, хэвлэлийн график дизайнч, ойжуулагч, барилгын засал-чимэглэлчин, бетон арматурчин, гагнуурчин, автомашины засварчин, хүлэмжийн аж ахуйн фермер, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний техник-технологич, аюулгүй ажиллагааны техникч зэрэг 15 чиглэлээр 11 мянга гаруй суралцагчдад мэргэжлийн боловсрол эзэмшүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус коллежийн оёмол бүтээгдэхүүний оёдолчин, барилгын мужаан, барилгын засал чимэглэлчин, гагнуурчин, барилгын сантехник зэрэг мэргэжлийн дадлагын газруудаар зочилж, сургалтын явцтай танилцлаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийг гагнуурчин мэргэжлийн дадлагын газраар зочлох үеэр багш Б.Батсайхан гагнуурын кабинетаа танилцуулав. Тус нарийн мэргэшлээр 23 оюутан суралцаж байна. Хоёр эмэгтэй оюутан суралцаж байгаагийн нэг нь 15 настай н.Мандахтуяа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 15, 16 настай хүүхдүүд хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож, чадварлаг, мэргэжлийн боловсон хүчнийг бүрдүүлэхийн төлөө идэвхийлэн суралцаж байгааг сайшааж, цаашид хичээлдээ цахим контент, технологийн дэвшлийг сайтар ашиглан шинэлэг хэлбэрээр суралцаж, багш нарынхаа эрдэм чадварыг сайтар эзэмшихийн төлөө хичээхийг захилаа. Түүнчлэн суралцагчдын бүтээл, бүтээгдэхүүнийг борлуулалттай холбож, хөдөлмөрийн үр шимээ мэдрэх боломж олгохын тулд идэвх санаачилгатай ажиллахыг коллежийн удирдлагаас хүслээ.

Хэнтий аймгийн дөрвөн ээж төрсөн өдрөөрөө “Эхийн алдар” одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

Хэнтий аймаг 77 мянган хүнтэй бөгөөд тус аймгаас энэ жил 292 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 20, Хоёрдугаар зэргийн одонг 272 ээж тус тус хүртсэн юм.

Эдгээр ээжүүдийн дотор энэ жил “Эхийн алдар” одонгоо зэрэг гардан авч байгаа 33 настай ихрүүдийн нэг, Баянхутаг сумын иргэн Маамаа-Аюурын Мөнхсувд байгаа юм.

Түүнчлэн өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа Батширээт сумын иргэн Болдбаатарын Банзрагч, Хэрлэн сумын иргэн Баатарзоригийн Нарантуяа, Баянмөнх сумын иргэн Маналжавын Гэрэлмаа, Норовлин сумын иргэн Самбуугийн Анхзаяа нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одонгоо гардан авлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА ЭЭЖҮҮДЭД ХАНДАН:

“Элбэрэлт эхчүүд ээ, Монголын сайхан ээжүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, монголын ирээдүй хойч үе болох хүүхэд, багачуудыг халамж хайрандаа өлгийдөн өсгөн торниулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Ээж хүний үрдээ өгч буй хайр, энэрлийг юугаар ч орлуулж болдоггүйн адил ээжийгээ гэсэн үрийн сэтгэлийг ямар ч сайхан, уран үгээр гүйцэд илэрхийлэхэд хэцүү. Гэхдээ хүн бүрийн ээждээ хэлж амжаагүй үг, илэрхийлж чадаагүй сэтгэлийг эвлүүлэн нэгтгэж, 6 ба 4 хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нэг, Хоёрдугаар зэргийн “Эхийн алдар” одон гардуулж, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай билээ.

Энэ сайхан уламжлалыг үргэлжлүүлж, 2020 онд улсын хэмжээнд 10,677 ээжид “Эхийн алдар” одон хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдож, сарын  өмнөөс үе шаттайгаар гардуулж байна.

Эзэн Чингис хааны минь өлгий нутаг Хэнтий аймгаас энэ жил нийт 292, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 20, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 272 ээж гардан авлаа.

Өнөөдөр одонгоо гардан авсан ээжүүдийн дотроос “Эхийн алдар” одонгоо энэ жил зэрэг гардан авч байгаа ихрүүдийн нэг, Баянхутаг сумын иргэн Маамаа-Аюурын Мөнхсувдыг энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Түүний ихэр Маамаа-Аюурын Мөнгөнсувд нийслэлийн Чингэлтэй дүүргийн ээжүүдийн хамт одонгоо гардан авсан юм. Мөн одоо одонгоо зүүж байгаа Батширээт сумын иргэн Болдбаатарын Банзрагч, Хэрлэн сумын иргэн Баатарзоригийн Нарантуяа, Баянмөнх сумын иргэн Маналжавын Гэрэлмаа, Норовлин сумын иргэн Самбуугийн Анхзаяа нарт төрсөн өдрийн мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Хэзээнээс хүн ам цөөтэй явж ирсэн Монгол Улс хүн амаа өсгөх бодлогоо тууштай баримталж, үүндээ хүүхэд хамгааллын асуудлыг нэн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлэх ёстой. Нийгмийн үнэт баялаг болсон хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд өсгөн бойжуулж, боловсролтой, зөв хандлагатай монгол хүн болгон хүмүүжүүлэхэд нь монголын төр эхчүүдэд бүх боломжоороо туслах учиртай. Эхчүүдийг дэмжинэ гэдэг монголын ирээдүйг хамгаалж байгаа хэрэг юм. Миний бие энэ чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлж, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардсан Та бүхэнд болон Хан Хэнтий аймгийн бүх эхчүүд, бүсгүйчүүддээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун баяр хүргэж, эрүүл саруул, эрч хүчтэй байхын өлзийт ерөөлийг өргөн барья.

Монголын үрс маш олон болтугай!” гэв.


Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Улмаар одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу үе шаттайгаар зохион байгуулах шийдвэр гарсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг орон нутагт ажиллах үеэр ийнхүү зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэнтий аймаг дахь томилолт үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх