Эрхэм хүндэт Монголын радиогийн үе үеийн уран бүтээлчид ахмадууд, хүндэт сонсогчид, Монгол түмэндээ Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн 86 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
1934 оны 9 дүгээр сарын нэгэн буюу 86 жилийн тэртээх энэ өдөр Монголын радио анхны программаа дамжуулж, Монгол Улсад радиогийн өргөн нэвтрүүлэг үүсэж хөгжих эхлэлийг тавьсан түүхэн өдөр юм.
Монголын радиогийн түүх бол Монгол зон олныг эх орныхоо хөгжил дэвшлийн өнгө гэрэл, эрдэм боловсролоор тэтгэн, соён гэгээрүүлсэн үе үеийн уран бүтээлчдийн баялаг бүтээлийн хийгээд Монголын ард түмний оюун санааны амьдралын түүх билээ.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио бол төр засаг, ард түмнийхээ өмнө улс эх орон хийгээд дэлхий дахины мэдээллийг үнэн бодитой, тэнцвэртэй, түргэн шуурхай, ул суурьтай түгээх, үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлс, өндөр хариуцлага, нэр хүндтэй бөгөөд онцгой үүргийг хуулиар хүлээсэн байгууллага юм.
Эх орныхоо хөгжлийн 86 жилийг хамтдаа бүтээлцэхдээ энэ түүхэн замналыг тодоор бичиж, өндөр үүрэг хариуцлагыг нэр төртэйгөөр биелүүлэн, дуу хоолойгоо цуцалтгүй өргөсөн Монголын радиогийн үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, уран бүтээлчдийн хичээл зүтгэл, амжилт ололтод халуун талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөр, уран бүтээлд их амжилтыг хүсье.
МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Л.НИНЖЖАМЦ
2020.09.01